МИНИЙ ОРОЛЦОО



“Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд боловсруулагдаж байгаа “Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд 21 аймагт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хоёр дах үе шат 2015 оноос үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн нэг дэд бүрэлдэхүүн нь “Иргэдийн оролцоо” төсөл бөгөөд нутгийн удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль эрх зүйн нэгдмэл орчинг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилттойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж байна.

Иргэдээс төрөөс шийдвэр гаргахад шууд оролцох эрх Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д олгогдсон байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизмыг хуулиар тусгайлан зохицуулаагүйн улмаас хэрэгжих боломжгүй өнөөдрийг хүрчээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2016 онд шинэчилсэн найруулгыг хийсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж буй энэ хуулиар ард нийтийн санал асуулга нэг ч явуулж байгаагүй. Учир нь энэхүү хуульд зааснаар ард нийтийн санал асуулгыг санаачлах эрхийг зөвхөн хууль санаачлах эрх бүхий төрийн гурван байгууллага, албан тушаалтанд олгосон байгаа билээ.

“Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хувьд улсын болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах, УИХ болон тухайн орон нутгийн ИТХ-д хэлэлцэх асуудал оруулах санаачилга гаргах эрхийг иргэдэд олгох юм.

Уг хуулийн төслийн ач холбогдлоос дурьдвал:

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь үзэл санаа нь төрөөс шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцооны механизм, төлөөллийн ардчилалын механизмтэй хослон, сул талаа харилцан нөхөж, төрийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагыг илүү хариуцлагажуулна.

Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох Үндсэн хуулийн эрхийг бодитой хэрэгжүүлэх механизм бүрдэнэ.

Иргэдээс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал санаачиагыг төрийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн эрх барих байгууллагаар шийдвэрлүүлэх асуудлыг иргэдээс өөрсдөө санаачилан ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах боломж нээгдэнэ.

Зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус, харин иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар тулгамдсан хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдал сайжирч, улмаар ардчилал, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ.

Өөрсдийн санаачилгаар шийдвэр гаргахад идэвхтэй оролцсоноор иргэдийн идэвх, оролцоо сайжирч, тэр хэмжээгээр иргэний боловсрол дээшилж, асуудлыг шийдвэрлэхэд нухацтай хандах, нийтийн ашиг сонирхлын төлөө санаа тавих байдал сайжирна.

Нийгмийн бүлгийн цөөнхөөс эрх бүхий байгууллагад болон нийгэмд дуу хоолойгоо хүргэх, Үндсэн Хуулийн үзэл санаа, Үндсэн Хуулийн тэгш эрхийг хангуулах бодит боломжийг олгоно.

Хууль тогтоомжийн дагуу энэхүү хуулийн төсөлд иргэд, холбогдох мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагаас дахин санал авч УИХ-ын намрын чуулганд өргөн барина.

2017-04-30