Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат: Залуучууд бол хүч, хүсэл тэмүүлэл юм.


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, "Иргэний боловсролын төв" ТББ хамтран Чингэлтэй дүүргийн 7, 12, 14, 15, 16, 17 дугаар хороодод залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад тулгамдсан асуудлыг тодорхойлж, хамтран шийдвэрлэх арга замыг боловсруулах дэд төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хорооны нийгмийн ажилтан, иргэний танхимын ажилтан, залуучуудын төлөөлөлд "Иргэн төсөл, түүнийг хэрэгжүүлэх арга зүй"-н чиглэлээр сургалт зохион байгуулна. Тус сургалтын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ирж, оролцогч залуучуудад хандаж үг хэлсэн юм. Энэ үеэр түүнээс доорхи хэдэн зүйлийг тодрууллаа.

-Чингэлтэй дүүрэг 160 орчин мянган хүн амтай. Үүнээс 52 мянга орчмыг 15-35 насны залуучууд эзэлдэг.


- Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй Залуучуудын оролцоог дэмжих төслийн талаар мэдээлэл өгнө үү.

- Чингэлтэй дүүрэг 160 орчин мянган хүн амтай. Үүнээс 52 мянга орчмыг 15-35 насны залуучууд эзэлдэг. Иймээс залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхи санаачилгыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаасаа хороо, гудамж, дүүрэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудыг оролцуулах нэн чухал. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, "Иргэний боловсролын төв" ТББ хамтран Чингэлтэй дүүргийн 6 хороонд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд үзүүлэх нөлөө, хандлагыг өөрчлөх төсөл хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Энэ төслийн үр дүнд тухайн нэг бүлэг, хэсгийн залуучуудад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхэд залуучууд өөрсдийн хүч, оролцоо, санал санаачилгыг дэвшүүлж, хамтран ажиллана гэж ойлгож байна.

- Чингэлтэй дүүргийн залуучуудын оролцоо хэр байдаг вэ? Оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ямар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна?

- Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэлтгүй улс орны хэмжээнд нийгэм, соёл, урлаг, түүх гээд бүх салбарт залуучууд түүчээлэн ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Гэвч зарим хэсэг залуучууд ажилгүй, мэргэжилгүй гэх мэт амьдралын боломжоос шалтгаалан идэвхгүй байна. Энэ залуучуудыг идэвхжүүлж, оролцоог нь ханган ажиллах зайлшгүй шаардлага байна гэж хардаг. Энэ чиглэлэр дүүргийн ИТХ, ЗДТГ-аас тодорхой зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Саяхан дүүргийн хэмжээнд залуучуудын дунд спортын уралдаан, тэмцээнүүдийг төрөлжүүлэн зохион байгуулсан. Ингэхдээ бүх хороодын оролцоог хангах тал дээр анхаарч ажилласан. 

- Дүүргийнхээ залуучуудад хандаж хэлэх үг...

- Залуучууд улс орны ирээдүй болохын хувьд байгаль эхээ хайрлаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Үүний тулд ажиллаж, хөдөлмөрлөж, аливаа тугамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч байдлаар оролцох хэрэгтэй. Залуучууд бол маш их хүч, хүсэл тэмүүлэл юм. 

 

Мөн тэрээр сургалтанд хамтрагдаж, 2019 оны турш төсөлтэй хамтран ажиллах 6 хорооны залуучуудад ажлын амжилт хүссэн юм.

 

                                                                                                                                                                                                                     Бэлтгэсэн Г.Төгөлдөрзаяа

                                                                                                                                                                                                             "Иргэдийн оролцоо II" төслийн нэгж

 

2019-06-21