Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэдийн оролцоотой сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах жишиг арга зүй хэвлэгдэн гарлаа


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан “Иргэдийн оролцоо II” төсөл нь иргэдийн оролцооны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтэд иргэний оролцооны хууль, эрх зүйн мэдлэг олгох үйл ажиллагааг дэмжих зорилттойгоор гурав дахь жилдээ ажиллаж байна. “Иргэдийн оролцоо II” төслийн үйл ажиллагааны хүрээнд 2017-2018 онд Дорнод аймгийн Чойбалсан, Хэнтий аймгийн Норовлин, Завхан аймгийн Их –Уул сум, Улаанбаатар хотын Багануур, Чингэлтэй дүүрэг(3,17 дугаар хороо)-тэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ, хэрэгцээ шаардлагын судалгаанд тулгуурлаж, иргэдэд тулгамдсан тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхээр иргэний оролцооны талаар хуульд заасан таван өөр салбарын есөн төрлийн механизмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилласан.   

Хэнтий аймгийн Норовлин суманд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/278 тушаалын хавсралтаар баталсан “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах” арга зүйд тулгуурлан, сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн оролцоотойгоор “Сумын хөгжлийн дунд хугацааны (2019-2023 он) ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг сонгон авч, хэрэгжүүллээ.

Энэхүү сумын хөгжлийн 5 жилийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэхдээ -сумын төвийн байр зүйн зураглал М1: 2000, -сумын төвийн инженер геологийн дүгнэлт, -сумын байгаль орчны төлөв байдлын дүгнэлт, -сумын нийгэм эдийн засгийн суурь судалгаа, -сумын хөгжилд нөлөөлөх нөөцийн судалгаа /эрдэс баялагаас бусад  аялал жуулчлал, түүх, соёлын дурсгалт газар гэх мэт/ зэрэг суурь судалгааны өгөгдөлд дүн шинжилгээ хийж, сумын хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн төлвийн талаарх оршин суугчид болон олон нийтийн санал бодлыг уулзалт, хэлэлцүүлэг болон санал асуулгын аргаар тодруулж, хүн амын хэтийн төлөв, нийгмийн хангамжийн хэрэгцээг тооцоолон, цаашид хөгжих боломжтой эдийн засгийн салбар, чиглэлийг тодорхойлсон юм.

Энэхүү ажлын хүрээнд 2018 оны 5, 6 дугаар сард сумын нутаг дэвсгэрийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийн, хээрийн судалгааг гүйцэтгэж, улмаар энэхүү сумын нутаг дэвсгэрийн зураглалд үндэслэн, төслийн баг, сумын удирдлага болон гүйцэтгэгч байгууллага хамтран 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Норовлин сумын 4 багийн 140 иргэдээс бэлчээрийн бүс, усжуулалт, өвөлжөө, хаваржаа, зуслан, хадлан, аялал жуулчлалын бүс, тэргүүлэх эдийн засгийн чиглэл,  маршрут  зэрэг асуудлаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналыг эрэмбэлж, зөрчилдөөнтэй асуудлаар дундын шийдлийг хамтдаа тодорхойлсон билээ. 

Дээрхи ажлыг гүйцэтгэхэд баримтлах дүрэм журам, анхаарах зүйлс, бэрхшээл, ололт зэргийг нэгтгэн "Иргэдийн оролцоотой сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах жишиг арга зүй"-г Норовлин сумын жишиг болгон гаргасныг http://oroltsoo.mn/downloads хаягаас бүрэн эхээр нь татан авч, үзэх боломжтой юм.

2019-07-05