Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд бүтээлийн уралдаан зарлалаа


Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй хууль эрх зүйн мэдлэгтэй холбоотой үүсч байгаа асуудал, түүнийг шийдвэрлэж буй арга зам
нөхцөл байдлыг судалсан 3 жилийн судалгаанаас харахад иргэдийн 54,8%-д хууль эрх зүйн ямар нэг бэрхшээл тохиолдсон бөгөөд тэдний 50,5%
нь мэдлэг мэдээлэлгүйгээс үүдэлтэй ямар нэг оролдлого хийгээгүй байсан ба Хууль зүйн туслалцаа аваагүй иргэдийн 36,8% нь юу ч хийгээд нэмэргүй гэж бодсон, 25,5% нь юу хийхээ мэдэхгүй байсан, 17,3% нь тийм ч ноцтой асуудал гэж бодоогүй, 15,7% нь надад тийм эрх байгааг мэдээгүй гэж хариулсан байна. Харин хууль зүйн туслалцаа авсан иргэдийн 40,8% нь найз нөхөд, хамаатан садан, танил талдаа хандсан, 14,5% нь холбогдох төрийн байгууллагад хандсан, 15.6% нь цагдаагийн байгууллагад хандсан, 14,5% нь хууль, өмгөөлөгчид хандсан гэсэн байна. Судалгаанд хамрагдсан 1630 иргэнээс өөрт нь тохиолдсон тодорхой бэрхшээлээс үл хамааран “Хэрэв танд ямар нэг бэрхшээлтэй асуудал тохиолдвол хаашаа хандахаа мэдэх үү?” гэсэн асуултанд 57,1% нь “мэдэхгүй” гэж хариулжээ.
Дээрх судалгааны дүнгээс дүгнэхэд, иргэд хуулиар олгогдсон боломжоо ашиглан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, аюулгүй байдлаа хамгаалах явдал
хангалтгүй, иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг, өөрт тулгарсан асуудлаа хуулийн хүрээнд шийдэх чадавх муу байгаагаас хууль ёсны эрх ашиг
сонирхлоо хамгаалж чадахгүй хохирсоор байгааг илтгэж байна.
Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх
үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд бүтээлийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагыг татан оролцуулж, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, үр дүнг үнэлэх, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах, санал санаачлагыг дэмжих зорилготой. Уралдаан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба видео, нийтлэл, сайтын бүтээл төрлөөр бүтээлээ ирүүлэх юм. 

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллага төдийгүй иргэд, иргэдийн оролцоо, ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, олон талын хамтын ажиллагаа чухал юм.

2019-09-24