Тусгаарлахад учир бий юу?
Шөнийн 02:20 минут утас дуугарч, ХӨСҮТ-ээс залгав. “Таныг тусгаарлана. Одоо очих тул юмаа бэлд” гээд салгав. Ингэж тусгаарлах байранд ирснээс хойш 7 дахь өдрөө өнгөрүүлж байна хэмээн ярих хүнийг “Ө” гэдэг.
ЭМЯ, бусад эрх барих байгууллагаас нийслэлийн өрх бүрээс шинжилгээ авах нь хөрөнгө, хүч, цаг үрсэн асуудал гэж үзсэн учраас хавьтлуудыг тандаж, тэндээс илэрсэн шинэ тохиолдолдлуудыг барьж авах нь зөв гэж үзсэн. Тийм ч учраас “ойрын хавьтлыг тусгаарла” гэсний дагуу бусдын адил иргэний үүргээ гүйцэтгэн тусгаарлагдаж, хэвлэл мэдээллээр гараад буй нөхцөл байдлуудтай Ө нүүр тулав.
“Хамт амьдардаг хүн маань БЗД-ийн эмнэлэгт хэвтээд гарсны дараагаар өрөөнийх нь хоёр хүнээс халдвар илэрсэн учраас түүнийг тусгаарласан юм. Тэгээд тусгаарлагдаад нэг хоногийн дараа түүний шинжилгээний хариу эерэг гарснаар ойрын хавьталд тооцогдсон нь НАМАЙГ энд авчирлаа. Уг нь бид хоёр тусдаа өрөөнд байдаг байсан бөгөөд нөгөө хүн маань ээлжийн ажилтай учраас хааяа л тааралддаг байсан. Миний хувьд шөнөөр гэнэт тусгаарлагдах болсон тул гэрээсээ ажлын нөүтбүүк, ойрын зуурын хувцас, мөн хэрэг болох ахуйн хэрэглээний зарим зүйлээ авч гарсан. Ингээд эндэх амьдрал маань эхлээд байна даа…” гэж Ө харамсангуй хэлэв.
Ойрын хавьталд тооцогдсоноос хойш Ө руу тагнуул, эрүүгийн цагдаагийн алба, УОК, дүүргийн онцгой комисс гэх мэтчилэн өдөрт дөрөв, таван өөр байгууллагаас цагдаа, байцаагч нар залгаж явсан маршрутын мэдээллийг авч байв. Хоёр өдөр дараалан асуугджээ. Мэдээж асуумж асуух нь зөв боловч, яагаад нэг л асуултыг дөрөв, таван байгууллага ээлжлэн асууж байгааг гайхаж, асуусан боловч аль нь ч түүнд тодорхой хариу өгөөгүй байна. Зарим нь нэр усаа ч хэлэлгүй шууд мэдээлэл авахыг завддаг байна. Тэгээд манай төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гараар (manual) буюу бүгд механикаар явж байгааг ойлгосон аж. Ө хэлэхдээ “ Хоорондоо мэдээллээ солилцдоггүй, эсвэл бие биенийхээ ажлыг хянаж чаддаггүй учраас цагдаж залгаж байгаа нь тэр байх” гэв.
Ийнхүү цар тахал хаалга тогшиж, улс даяар хүнд, хөнгөн хөл хорио тогтоогоод 10 сар, сар гаруй үргэлжилсэн хатуу хөл хориог Нийслэлдээ дахин тогтоогоод 7 хоногийн нүүр үзэж байгаа энэ үед Ө шиг гэнэт тусгаарлагдсан хэдэн мянган хүн байна.
Сэтгүүлч миний бие энэ удаад хөл хорионы ард юу болдгийг Ө-гийн бодит жишээнд тулгуурлан хүргэж байна.
Танилцуулаагүй журмаа дага гэж шаардах нь зөв үү?
Тусгаарлах байранд ирсэн эхний өглөө Ө сэрмэгцээ шөнө ирэхэд нь авсан шинжилгээний хариу хэзээ гарах, энд хэр удаан байх, мөн гаднаас шаардлагатай зүйлээ авч болох эсэх талаар асуухаар өрөөн дэх утсаар үүдний ресепшин рүү залгажээ. Эхний удаа санамсаргүй дохигдоод салгасанаас болоод тусгаарлах байрны ажилтанд утсаар тоглолоо хэмээн загнуулсаар эхний өдөртэй золгов. Тэд шинжилгээний хариуг мэдэхгүй, гаднаас юм оруулахгүй бөгөөд оруулахаар бол “УОК-оос комиссоос зөвшөөрлөө ав” тавлах мэт хэлэв. Хэрхэн авах талаар асуутал нь “Мэдэхгүй. Өөрөө олж мэд, тусгаарлах байрны журам зөрчвөл торгоно шүү” гээд утсаа тасалжээ.
Тусаагүй өвчнийхөө төлөө тусгаарлалтад орсон ч мэдээлэл авах эрхтэй учраас тусгаарлах байрны журмаа танилцуулахыг шаардаж, тогтмол уудаг эм, ахуйн хэрэглээний зүйлс, хоол хүнсний зүйлс оруулах шаардлагатай байгаагаа дахин хэлсэн ч “Болохгүй. Бид нар мэдэхгүй. Олон юм асуухгүй журмаа дага. Залуу хүн байж яасан олон юм асуудаг юм” хэмээн зандарч дахин загнуулав. Мэдээж тэдэнд дээрээс ирсэн нарийн мэдээлэл чиглэл байхгүй учраас ирсэн хүмүүсийг өрөөнд оруулж, 14 хоногийг эвтэйхэн өнгөрүүлэх үүрэгтэй байх гэж бодоод өөрийгөө тайвшруулсан аж.
Тусгаарлах байранд өглөө бүр хаалга тогшиж халуун үзнэ. Эхний 4 хоног халуун үзсэн ч сүүлдээ үзэхээ больсон байна. Өрөөний урд ширээ байх бөгөөд дуут зарлангаар “Аяга таваг гаргаж тавь” гэхээр нь хаалганы ард гаргаж тавиад, хаалга хаадаг байна. Ингээд өглөөний цай, өрөөний байдлаас эхлээд дахин асуулт, асуудал гарч, бухимдаж эхэлсэн гэж Ө ярив.
Хамгийн эхний өглөө нэг аяга сүүтэй будаа (нэмэлтээр нэг зүсэм талх ч байхгүй), хоёр дахь өдөр аарц, гурав дахь өдөр хярам өгөв. Мэдээж өдрийн хоол (2 цагт) болон орой хоол (6–7 цаг орчимд) өгч байгааг энд дурдах нь зөв байх. Шөнөөр тусгаарлагдаад ирсэн тул хүнсний ямарч зүйл аваагүй, тэр ч байтугай хөлдөө өмсөх тавчикаа ч авалгүй яарч ирсэн учраас хүйтэн өрөөнд даарч, өглөөдөө жижиг аяганд сүүтэй будаа, хярам өгсөн учраас өлсөх, даарах зэрэгцэж эхлэв. Өрөөнд ус буцалгагч байвч ажиллахгүй байсан тул солиулахаар удаа дараа хэлж байж хоёр хоногийн дараа солиулж авчээ.
Энд байгаа иргэд тусгаарлах байрны ажилчдаас асуулт асуувал шууд загнуулна, өдөрт 2 удаа сүрдүүлж байгаа мэт цагаан хоолойгоор торгох заалтууд ягштал уншина. Анх ирэхэд өрөөнд юу байгаа талаар мэдээлэл өгч хүлээлгэж өгөөгүй. Гэхдээ өрөөн дэх зүйлийг эвдэж сүйтгэх юм бол төлүүлнэ гэж сүүлд зарлаж эхэлсэн. Яг үнэндээ тусгаарлах байрны ажилчдын харилцаа, хандлага, загнаж зандарч иргэдийг мэдээллээр хангахгүй байгаа нь дархлаа унагаж, стрессдүүлж байна. Хэдийгээр хавьтал болж тусгаарлагдсан ч үг хэлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авах, гаднаас хэрэгцээт зүйлсээ дүрэм журмын дагуу хүргүүлэн авах эрхтэй байх ёстой. Гэтэл танилцуулаагүй журмаа мөрд, мөрдөхгүй бол торгоно гэх ойлгомжгүй байдалтай иргэд нүүр тулна.
“Зөвхөн Монголд л харж болох үйлдэл гэгч нь энэ байх. Ямар ч зохион байгуулалт байхгүй. Шууд л дага, мөрд, үгүй бол торгоно, хорино, нэрийг чинь зарлана” гэсэн дарамтан дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна гэж Ө халаглав.
Мэдээлэл авах эрх ба гөлөг төөрүүлэх арга
Сэтгүүлч миний бие энэ талаар энэ талаар холбогдох байгууллагад мэдээлэл өгөхөөр утас олж холбогдож үзэв. Иргэдэд мэдээлэл өгөх 18001105, 70128012 зэрэг утсаар холбогдоход манай асуудал биш, ийшээ залга, тийшээ залга зэргээр шууд салгав. Ө ч мөн үүнтэй адил байдалд оржээ.
“Хэрэв үнэхээр тус тусдаа чиг үүрэг бүхий байгууллагууд юм бол иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилготой тусдаа утас ажилуулаач гэж хүсч байна” хэмээн тэрээр ярьсан юм. Түүний хувьд тусгаарлах байранд орохоос өмнө 4 удаа, тусгаарлах байранд орсноос 4 удаа шинжилгээ өгөхөд бүх хариу нь сөрөг гарсан аж.
Тэрээр эцэст нь “Эрүүл ирээд эндэхийн нөхцөл байдлаас болоод өвчин авах вийдээ гэсэн айдастай байна” гэв.
Төр засаг үнэхээр голомтыг хумих гэж байгаа бол ойрын хавьтлуудыг хоосон хорих нь зөв үү? Ядаж тусгаарлагдаж буй иргэдийн дархлааг дэмжих хоол хүнс, витамин зэргийг хангалттай өгч, иргэдийг байнгын мэдээллээр хангах ёстой бус уу? Тодорхойгүй, мэдээлэлгүй, хоол хүнсгүй, ойлгомжгүй байдалд эрүүл саруул тусгаарлагдах гэж ирсэн иргэд хүнд хөнгөн ханиад хүрэхээс эхлэн, стрессд гутралд орох, өөр бусад өвчин тусах эрсдэлтэй байгааг олж харж байна уу?
Цаашид хэрхэх вэ, үргэжилсээр байх уу?!
Дэлхийн улс орнууд хөл хориог даван туулах төлөвлөгөөгөө түргэн хугацаанд боловсруулж, зарим нь даван туулсан туршлагаа бусад улс орнуудад хуваалцаж дотооддоо дүрэм журам гаргаж хэвийн амьдралдаа шилжиж байхад бид ямарч төлөвлөгөө, эрсдлийг тооцсон зүйлгүй бүхэл бүтэн 10 сарыг өнгөрөөлөө.
Анхны тохиолдлоос хойш дотооддоо алдах байтугай нөхцөл байдал үүсч болохыг ДЭМБ болон судлаачид зөвлөсөөр байтал яагаад үүнийг тооцохгүй байсаар өдий хүрч, одоо бүгд завгүй ажилласаар байгаагаа бидэнд зарлаж, асуудал үүсгэвэл торгоно, аятайхан гэгч нь гэртээ бай гээд байгаа вэ. Бид ийм байдалтай хэр удаан тэсч чадах вэ?
… Хэрэв цар тахал 2021, 2022 он хүртэл үргэлжилнэ гэж тооцвол эдийн засгийн хямрал ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэх, хүн амын бодит орлого хэдэн хувиар буурах, ажилгүйдэл, инфляцийн түвшин хэр байх зэргийг тооцож гаргасан судалгаа хийгдэж байгаа үгүй нь ч бидэнд мэдэгдэхгүй, иргэд мэдээлэлгүй төр засгийн шийдвэрээ харсаар байна. Өнөөдрийг хүртэл бид нийслэлийн хаана, ямар тохиолдол далд хэлбэрээр байгаа, тэр нь хэзээ гэнэт илрэхийг мэдэхгүй байсаар байна. Иргэдийнхээ хөл гар, хэл амыг хориод аюулт өвчин алга болчихгүй гэдгийг улсаа удирдаж суугаа эрх баригчид маань эрх биш ойлгохоор цаг хугацаа өнгөрсөн гэдгийг дахин сануулья.
Монгол Улсын төр дараах арга хэмжээг авахыг шаардаж байна!
Нэгдүгээрт, Ойлгомжгүй уялдаа холбоогүй ажлуудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж, иргэдэд нэг сувгаар мэдээлэл олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Онлайнаар хүсэлтээ илгээх, илгээсэн хүсэлтээ ямар шатанд явж байгааг, ямар арга хэмжээ авсанг мэдэгдэх аппликейшн шинэ технологийг ашиглах боломжийг нэн даруй бүрдүүлье. Цар тахлыг хамгийн бага хохиролтой туулж буй Сингапур, Тайвань, Япон, БНСУ, Шинэ Зеланд зэрэг улсуудын гол арга барил нь цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүддээ дэвшилтэт технологи, инноваци шингээж чадсанаар иргэдээ хамгаалж чадсан явдал юм.
Бид энэ боломжийг мөн ашигласнаар халдвартай иргэдийн явсан маршрутыг богино хугацаанд тогтоохоос гадна хүний эрхийн ямар зөрчлүүд гарч байгаа, аль нь илүү их давтагдаж байгаа гэх мэт олон датаг эндээс олж харж анализ хийж, дараагийн арга хэмжээнүүдийг авч чадах юм. АНУ-ын зарим хотуудад албан албан байгууллагуудыг 10.00–17.00 цагийн хооронд ажиллуулж, ресторан зааланд үйлчлэхгүйгээр зөвхөн захиалга хийж эхэлсэн байна.
Хоёрдугаарт, Эцэст нь хэлэхэд эмнэлэгт хэвтээд гарсан өвчтнөөс шинжилгээ авалгүй гаргасан хайхрамжгүй жижиг үйлдлээс болоод Нийслэл тэр чигтээ хохирч байна. Вакцин ирэхийг хүлээтэл хөл хорионоос, хөл хорионы хооронд байх төлөвлөгөөтэй байгаа байдал ажиглагдаж байгаа тул түргэн шуурхай Нийслэлийн өрх бүрээс шинжилгээг авах ажлыг зохион байгуулахыг уриалж байна.
Бидэнтэй ойролцоо нэгэн сайн туршлага хуваалцахад Шинэ Зеланд улс хатуу хөл хорио тогтоохын өмнө Засгийн газраас нь ард иргэддээ онцгой байдлын зурвас илгээж, богино хугацаанд халдварын бүх тохиолдлыг илрүүлж, оношилж, тусгаарлаж, эмчлэхийн зэрэгцээ ойрын бүх хавьтлыг тогтоож, тусгаарлаж бүх иргэдээсээ шинжилгээ авч чадсан. Өнөөдөр тэд “COVID-19” халдварын тархалтыг, ялан дийлэх хамгийн үр дүнтэй стратегийг хэрэгжүүлсэн орны тоонд орон, нэрлэгдээд байна. Харин бид цаашид яах вэ…
Нийтлэлч: Н.Ахмарал
Энэхүү нийтлэл нь “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн дунд зарласан “Засаглал ба Ковид” сэдэвт уралдааны бүтээл болно.
2021-01-18