Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Ковидыг бэрхшээл гэлгүй цахим хөгжлийн боломж болгоё


Хөл хоригдож, гар мухардсан амьдрал

Засмал замаар баруун эргэж Жамсран уулын орой өөд мацах зуур “Зорьсон айлын маань нөхцөл байдал төсөөлсөнөөс ч хүнд байвал би юу хийж чадах билээ” гэсэн томоос том асуултын тэмдэг толгойд эргэлдэнэ.

“Өөдөөс чинь тосоод очье. Улаан куртиктай явна шүү” хэмээн утсаар ярьсан болохоор хэн нэгэн улаан куртиктэй үл таних эмэгтэйг хаа нэгтээгээс харуулдаж, заасан чигт нь яваад л байв. Уулын оройд гарах үед өөдөөс минь далласаар ирж яваа энэ бүсгүйг Н.Гантуяа гэдэг. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо иргэдийн нэрлэж заншсанаар Жамсран уулын бэлд орших задгай гэх тодотголтой нутаг дэвсгэр. Н.Гантуяа бол 30 гаруй насны бүсгүй. Түүний хувьд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Говь-Алтай аймгаас нийслэл хотыг зорьж ирээд гурван жил болжээ. Хотод танил тал, ах дүү байхгүй учраас найзынхаа зөвлөсөнөөр уулын энгэр бараадан гэрээ барьж төвхнөсөн байна. Энгэрийн салхи хэдэн талаас нь нэвт үлээдэг байсныг бодоход ямартай ч хашаатай болоод авчээ.

“Одоо л нэг амьдрах аргаа оллоо доо” гэх зуур нөхрийнх нь бие муудаж, өөрөө ч давхар биетэй болжээ. Дэлхий дахинд анх коронавирусийн халдвар тархсан тэр өдрөөс тэдний амьдрал нь улам дордсон байна. Өнгөрсөн хавраас өнөөдрийг болтол тус өрхийн сарын орлого нь хүүхдийн 100 мянган төгрөг, цалинтай ээжийн 50 мянган төгрөг л болжээ. Сар гаруй үргэлжилсэн хөл хориог цуцлахын наахна ёстой л гал алдах гэдэг нь болж зургаан сартай хүүхдээ хөнжилдөө ороож суулгачихаад сүү ч гарахгүй мөөмөө үлгүүлэхээс өөр юу ч хийж чадахгүй байхад хичнээн хүнд байсан тухайгаа тэд хуучлав. Арга ядахдаа хорооныхоо хэсгийн ахлагчаас хоол, түлшний тусламж үзүүлэхийг хүссэн ч одоогоор тусламж үзүүлэх боломгүй гэсэн хариулт авсан байна.

“Бид нар шиг амьдралтай олон айл байдаг болохоор тусламжийн бүтээгдэхүүн нь хүрдэггүй юм байлгүй дээ” хэмээн өөдрөг бодол тээнэ. Тэд амьдрахын эрхэнд зөвшөөрөлгүй газар хашаа хатгаж, буусан учраас хэдийгээр тухайн хороонд амьдраад гурван жил гаруй болж байгаа ч түр оршин суугч гэсэн тодотголын дор төрөөс олгодог халамж, тусламжийн гадна үлддэх гэмтэй.

Энэ бол ганцхан Н.Гантуяа бүсгүйн амьдралд тулгараад байгаа ч асуудал биш. Энэ хэсэгт оршин суудаг 500 орчим айл өрхийн асуудал гэдгийг хэлж байна. Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлдсэн эдгээр өдрүүдэд тэд баярын ширээндээ санаа зовохоос илүүтэй дараа сарын 20-нд буух хүүхдийн мөнгө хүртэл яажшуухан амь зуух талаар л бодно.

Хүйтний эрч эрс чангарч байгаа эдгээр өдрүүдэд хавар намрын пүүзтэй жирийх Н.Гантуяагийн хувьд Хаврын урин дулаан цаг иртэл нөхөр хүүхэд нь өвдчихгүйхэн шиг, өлсчихгүйхэн шиг л байвал бага охиноо үүрээд ч болов ажил хийнэ дээ” хэмээн сайн цагийг мөрөөднө.

Түлэх түлшгүй арга ядахдаа хашааныхаа банзыг хуулж, түлэх өдөр тэдэнд бишгүй олон тохиолдсон нь энд тэндээс нь өм цөм авчихсан хашааны төрхөөс тодорхой харагдана. Аз болоход Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулсан нь тэдний амьдралд бодит дэмжлэг болсныг хэлж байна. Тэдний гадаа одоогоор хоёр шуудай нүүрс, хөргөгчинд нь нэг өдрийнхөөр нь бэлдсэн болов уу гэлтэй гурван бондгор мах үлджээ. Төмс ногооны бараа алга. Харин шуудайны тал гурил үлдсэн байна.

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтийн хатуу хөл хорионд хоёр дахь удаагаа орсон нийслэл хотынхоны амьдрал энгийн үетэй харьцуулахахад нам гүмхэн.

“Анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож байсныг бодоход энэ удаагийн хөл хорио иргэдэд хэдийнэ танил дүр зураг болжээ...”

Азын сугалаа шиг олгогддог халамжийн тогтолцоогоо өөрчилье

“Хөл хорионы хүнд үед ХНХЯ-наас олгодог хүнсний талонд ч болов хамрагддаг бол амьдралд дэмтэй байх сан. Даанч түүн шиг боломжгүй зүйл байхгүй л байх даа” хэмээн амьдарч байгаа нөхцөл байдлаа элдэв халхавчгүй танилцуулсан залуу бүсгүй ямар нэгэн горьдлого тээн асууна.

Үнэндээ манай улсад хүн бүрт адил тэгш үйлчилдэг нийгмийн халамжид хамрагдах бодлого хэрэгждэг байсан бол хүнсний талонд хамрагдана гэдэг хаа холын мөрөөдөл мэт зүйл болохгүй л байсан болов уу.

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд төрийн бодлогын гадна үлдсэн тэдний амьдралд хэн нэгнээс ирэх тусламжийн бүтээгдэхүүн хамгийн их хэрэгтэй байгааг учирлалаа. Амьдрал хэвийн үргэлжилж байх өдрүүдэд хэн нэгнээс тусламж хүлээх биш өөрсдийнхөө боломж бололцоог бүрэн дайчлаад болоод л байсан амьдрал нь энэ цаг үед хүндхэн байдалд орж бусдын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон байна.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед ямар нэгэн ажил хийж өрхийн орлогоо нэмэх боломж байхгүй учраас нийгмийн халамжийн бодлогоос гадна үлдсэн иргэдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болжээ. Хэрэв манай улсын нийгмийн халамжийн бодлого Монгол Улсын иргэн хэн боловч хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш, хүрээмжтэй ил тод байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан болов уу. Тэр дундаа онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед хүнсний тусламж шаардлагатай өрхүүдэд олгодог хүнсний талонд хамрагдах боломж ч тэдэнд алга.

Манай улсын хэмжээнд 44.314 өрхийн 241.962 иргэн 798 хүнсний дэлгүүрээр дамжуулан 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг авч байгаа гэдгийг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал хэлж байна. Гэсэн хэдий ч манай нийтлэлийн баатар Н.Гантуяа нийслэл Улаанбаатар хотын иргэн биш гэсэн ганцхан шалтгааны улмаас төрийн бодлогын гадна үлдэж байгаа нь дэндүү гунигтай.

Төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын алдаа дутагдал хаана байгааг эргэж харах цаг хэдийнэ болжээ. Яах аргагүй цар тахалтай хүнд хэцүү үе тулаад ирсэн болохоор харьяаллын бус иргэдээ хайхралгүй орхиж болохгүй гэдгийг хаа хаанаа ухамсарласан. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зорилтот бүлгийн хүн ам, өрхөд хүнс, шаардлагатай бараа бүтээгдэхүүний тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг өрнүүлсэн. Тус хүнсний дэмжлэгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар 45 мянган өрхөд хүнсний бус тусламжийг 14 мянган өрхөд үзүүлсэн тоо баримт байна.

Гэсэн хэдий ч ахиад л энэ тусламж дэмжлэгийн гадна Н.Гантуяа үлдсэн байх. Түүнийг азгүй хэмээн тооцох уу? Эсвэл үзэмжээр олгодог азын сугалаа шиг халамжийн тогтолцоогоо өөрчлөх үү?

Тус хорооны хэсгийн ахлагч н.Оюунтүлхүүрийн хэлж буйгаар харьяаллын болон харьяаллын бус амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүд тус хэсэгт олон байдгийг хэлж байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагаас үзүүлсэн тусламж хаанаа ч хүрэхгүй байгааг учирласан юм.

Амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг өөрчилье

Оршин суух хаягийн зөрчилтэй иргэдээс гадна оршин суух хаягийн зөрчилгүй айл өрхүүдэд ч хүнсний талонд хамрагдах бодит шаардлага байна. Хэдийгээр ХНХЯ-наас жилд нэг удаа явуулдаг хүнсний талонд хамрагдах судалгаагаар шаардлагатай өрхүүдийг хамруулдаг ч амьжиргааны түвшин тогтоох оноо нь өндөр гэсэн шалтгаанаар хүнсний талонд хамрагдаж чаддаггүй өрхүүд байна.

Асуудал эндээс л үүдэлтэй. ХНХЯ-ны өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхүүд 0–1000 хүртэл оноогоор дүгнүүлдэг бөгөөд нийслэл Улаанбаатар хотод 292.5, хөдөөд 310 буюу түүнээс доош оноотой өрхийн гишүүд хамрагдах болзол хангадаг байна. Ингээд дээрх шалгуур хангасан өрхүүдийг тухайн сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэдэг журамтай. Гэсэн хэдий техник технологийн 21 дүгээр зуун хэмээн нэрлэгдэж байгаа өнөө үед дээрх оноог дүгнэхдээ хүний амьдралын энгийн хэрэглээ болсон зурагт, хөрөгч, угаалгын машинтай айл өрхүүдийн оноог өндрөөр үнэлдэгээс ийнхүү бодит байдалтай зөрчилддөг гэдгийг тус хорооны хэсгийн ахлагч хэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам”-ын 2.3-т “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг гурван жил тутамд шинэчилнэ” гэсний дагуу 2017 онд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг авч нийт 683.922 өрхийн 2.711.787 иргэний мэдээллийг бүрдүүлсэн байна. Тэгвэл цаашид өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачилалдаа шинэчлэлт хийж бодит амьдралд нийцсэн арга ашиглах шаардлага хэдий нь тулгарчээ.

Төрийн халамж, үйлчилгээг төвөггүй хүргэдэг цахим тогтолцоонд шилжье

Дээр дурдсан жишээнээс тухайн амьдарч байгаа дүүрэг хороондоо амьдрах албан ёсны хаягтай байсан ч, эс хаягтай байсан ч төрийн бодлого иргэдэд тэгш, хүртээмжтэй байдлаар хүрэхгүй байна. Тэгвэл цаашид бид амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур амьдралтай иргэддээ нэг удаагийн тусламж дэмжлэг үзүүлээд орхих бус төрийн халамж, үйлчилгээг хүрэх ёстой хүмүүст нь жигд, хүрээмжтэй байдлаар хүргэхийн тулд цахим бүртгэл, техник технологийн дэвшлийг ашиглах цаг нэгэнт иржээ.

Монгол Улс цөөхөн иргэдээ аль нэг газар харьяалалгүй гэдгээр ялгаварлан гадуурхаж төрийн бодлогын гадна үлдээж байгаа нь хүний анхдагч эрх болох амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, амь насаа хамгаалуулах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг юм. Цар тахал нь дэлхий нийтийн өмнө шинэ сорилтыг үүсгэж түүнийг дагаад Хүний эрхийн дүр зураг ч өөрчлөгдөж байгаа гэдгийг хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд онцолж байна.

Цар тахлын онцгой нөхцөлд энгийн үед анхаарлын төвд байсан,асуудлууд өмнөхөөсөө хоёр дахин илүү анхаарал шаардаж байгаа. Тиймээс хүний эрхийн зөрчлийн араас явах биш, иргэд амь, нас, эрүүл мэндээрээ хохирохоос өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоогоо хэрхэн ажиллуулахад анхаарч ажиллахыг зорьж байна. Хэдий тийм боловч хөл хорио тогтоосон энэ цаг үед хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн асуудал шууд хөндөгдөж байна.

Ялангуяа энэ үед өөрийгөө хамгаалах, илэрхийлэх боломж хомс бүлгүүдийн эрх хөндөгдөх магадлал өндөр байгаа юм. Тухайлбал, бага насны хүүхэд, асрамжийн газар, хамгаалах байранд байгаа иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорих ангид хүмүүжиж байгаа иргэд зэрэг анхан шатны хэрэгцээ нь бусдаас хараат бүлэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэдгийг ХЭҮК-ын гишүүд хэлж, анхааруулсаар байгаа.

Гэсэн хэдий ч манай улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа шийдвэр анхаарал халамж зайлшгүй шаардлагатай, эмзэг бүлгийн иргэдэд хэр хүртээмжтэй, тэгш хувиарлагдаж байна вэ?

Засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.6-д “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоно” гэсэн зорилтууд туссаныг энд дахин сануулъя.

Бид цаасан дээр ажил хийх, төлөвлөх биш бодит үр дүн тооцоо судалгааны үндсэн дээр ард иргэддээ төрөөс үзүүлдэг халамж, үйлчилгээг төвөггүй хүргэдэг цахим тогтолцоонд шилжих цаг болсныг хөл хориотой үеийн цахим техник технологи ажил,амьдралын хэв маяг нэгэнт баталж байна.

Тиймээс Ковидыг бэрхшээл гэлгүй цахим хөгжлийн боломж болгоё. Ялангуяа цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын иргэн хэн боловч хаана, ажиллаж амьдарч байгаагаасаа үл хамааран төрийн бодлого хүрээмжтэй, ойлгомжтой, эрх тэгш хүрдэг байя.

Нийтлэлч: П.Батзаяа

Энэхүү нийтлэл нь “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн дунд зарласан “Засаглал ба Ковид” сэдэвт уралдааны бүтээл болно.

2021-01-25