Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ЗЗНДНТУТХ-2022: ТАНЫ САНАЛ, САНААЧИЛГЫГ ИРГЭДИЙН ХУРАЛ ЗААВАЛ ХЭЛЭЛЦЭНЭ


Монгол Улсын Иргэн шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.

Таны амьдардаг дүүрэг, хороо, гудамжинд зориулалтын дагуу тавьсан явган хүний аспальтан зам байдаг уу? Байдаг бол хэр хүрэлцээтэй, эвдрэл гэмтэлгүй байдаг вэ? Жил болгон, аль эсвэл гурван дөрвөн жил болоод шинэчлээд байна уу? Эсвэл огт шинэчлэхгүй, засахгүй байна уу?

Гудамж талбайн явган хүний замыг ажиглаад байхад 3-4 жил болоод л шинэчилж байгаа харагддаг. Явган хүний зам шинээр тавих, засах, өөрчлөхөд иргэн бүрийн төлсөн татварын мөнгийг зарцуулдаг. Энэ мөнгө бол таны мөнгө, танай гэр бүлийн мөнгө юм.

Тэгвэл яагаад үүнийг дахин өөрчлөөд байгаа юм бэ?, үнэхээр ингэж дахин засах шаардлага байна уу?, санхүүг нь яаж шийддэг юм бэ?, ном журмынх нь дагуу хийж байна уу? гээд түмэн асуулт урган гардаг. Энэ талаар хаанаас мэдээлэл авахаа, хаана хандахаа, яагаад ингээд засаад, нураагаад байгаа талаар мэдэхгүй хүмүүс маш олон.

Энэ асуудлын талаар та санаачилга гаргаж ИНХ, ИТХ-аараа шийдвэрлүүлж болно.

Өмнө нь нэгж иргэний болоод бүлэг иргэдийн жижиг байтугай том санаачилга, тавьсан асуудлыг иргэдийн хурал тоож хэлэлцдэггүй, шийдвэрлэдэггүй байсан. Явган хүний зам гэх мэт төлөөлөгчийн хувьд жижиг, иргэний хувьд том асуудлыг иргэдийн хурлаараа хэлэлцсэн тохиолдол тун цөөн.

2022 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар иргэдийн санаачилгыг заавал хэлэлцэж шийдвэрлэхийг хуульчилж өгсөн.

Өмнө нь иргэн бид жижиг хирнээ том асуудлыг иргэнээс хол юм шиг ойлгоод төр, засаг дарга, албан хаагч, тэдний мэдлийн орон нутгийн өмчит компаниудад даатгачихдаг байсан. Шинэ хуулиар шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох оролцоог төрөл бүрээр нэмсэн учраас энэ хууль урт нэртэй, төрд зориулсан хууль бус иргэнд зориулсан хууль болсон гэж ойлгох нь чухал.

Энэ хууль хэрэгжиж эхлэхэд иргэн хүн өөрөө өөрийнхөө ажил хэргийг бие даагаад эрхлэн явуулах боломж бүрдэнэ. Тухайлбал, гудамж талбайгаа цэвэрлэх, хог, гэрэлтүүлэг, хөдөө орон нутагт бэлчээр, сумын сургуулийн сургалтын орчныг сайжруулах гэх мэт асуудлууд байна. Энэ бол төрийн гэхээс илүү тухайн орон нутагт амьдарч байгаа иргэн, аав ээж нарын асуудал. Тийм учраас үүнийг өөрсдөө эрхлээд явах, тэр тусмаа бие дааж шийдэх боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг.

Иргэдийн хурлаас гаргадаг шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд өөрсдөө санаачилж оролцох, биечилж оролцох шинэ зохицуулалтууд бий боллоо. Иргэд нэг удаагийн шинжтэй шийдвэр, мөн хэм хэмжээний тогтоол эсвэл хэлэлцэх асуудал санаачилж, иргэдийн хурлаараа хэлэлцүүлж болно гээд тодорхой зүйл заалтууд бий. Өөрөөр хэлбэл, иргэдийн хурал нэгэнт иргэдийн өөрсдийнх нь байгууллага учраас иргэдээс гарсан санал санаачилгыг заавал биелүүлж, хүсэл зоригийг нь илэрхийлж байх ёстой. Энэ үүднээс тухайн сум, хот, дүүрэгт амьдарч байгаа иргэдээс гарын үсэг цуглуулаад тодорхой асуудлыг хэлэлцүүлье гээд санал гаргахад заавал хэлэлцдэг байх ийм механизмтай болж байна. 

Явган хүний замын асуудлаар та ганцаардаад, дуу хоолой чинь хүчтэй биш байвал  хажуу айл, хороо, гудамжныхаа иргэдээс гарын үсэг цуглуулахад хангалттай. Танай суманд 1000 насанд хүрсэн иргэн байдаг бол 100 гарын үсэг зуруулахад болно гэсэн үг.

Иргэдийн саналыг тухайн дүүргийн, сумын иргэдийн хурал нь заавал хэлэлцэх ёстой.

Нэг ийм санал гарчээ гээд орхиж болохгүй, заавал иргэдийн хурлаас шийдвэр гарах ёстой. Энэ бол бусад улс орнуудад их түгээмэл байдаг иргэнээ оролцуулдаг хэлбэр. Таны иргэдийн хурлаар хэлэлцүүлэх асуудал нэг удаагийн чанартай байж болно. Тогтмол дагаж мөрдөх хэм хэмжээ ч байж болно. Танай алхдаг явган хүний замыг машин таглаад зогсчихдог асуудал давтагдсаар байвал та үүнийг журамлахын тулд заавал цагдаа, засаг дарга дээр очих бус баримтаа бүрдүүлээд иргэдийн хуралд өгөх нь асуудлаа өөрөө шийдэж байгаа хэлбэр юм.

Мэдээж хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор журмууд боловсруулагдаж гарна. Өөрөөр хэлбэл, хууль ерөнхий учраас иргэдийн санаачилгыг яаж дэмжих, санаачилсан материалыг иргэдийн хуралдаа яаж хүргэх, иргэдийн хурал нь тухайн асуудлыг яаж хэлэлцэх талаар нарийвчилсан журам гарвал бидний хүсэл зориг бодит ажил хэрэг болох юм. 

Нутгийн өөрөө удирдах ёс бол иргэд юм.

 

 

Хуулийн нэр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

Нийтлэлч: Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батзориг

2021-11-12