Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Хөдөлмөрийн тухай хууль-2022: Аавууд хүүхдээ асарч, ээжүүд ажилдаа явна


Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бодит амьдрал дээр хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хуульд иргэн та бидний мэдэх хэрэгтэй олон өөрчлөлтүүдийг оруулсан юм. Бид энэ удаад та бүхэнд уг хуулийн онцлох зүйл заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Цаашид хуулийн онцлог, шинэлэг зохицуулалтыг цувралаар танилцуулах болно.

Аавууд өөрийн хүсэлтээр хүүхдээ асрах эрхтэй

Хүний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг бол гэр бүлдээ шинэ хүнээ өлгийдөн авах байдаг. Өмнө нь аавууд байгууллагынхаа дотоод журмын дагуу тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгодог байсан юм. Харин Хөдөлмөрийнтухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар шинэ хүнээ хүлээн авч буй аавуудад хуулийн дагуу ажлын 10 хүртэлх хоногийн цалинтай чөлөө буюу нийт 14 хоногийн амралт олгох болсон байна. Тодруулбал, тус хуулийн 137.5-д “Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” хэмээн заасан байна. Энэ заалт нь хуулинд шинээр орсон бөгөөд одоогийн үйлчилж байгаа хуульд байхгүй шинэ зохицуулалт юм.

Шведэд бол үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний цалинтай төрсөний дараа долоо хоног, хүүхдээ найман нас хүртэлх хугацаанд 240 хоног хүүхдээ харах боломжтой байдаг аж. Энэ бол том эрх чөлөө. Мөн  Шведэд жирэмсний амралтын хугацаа 400 хоног үргэлжилдэг бөгөөд үүнийг эхнэр, нөхөр хоёулаа авч болдог байна.

Үүнтэй ижил манай улсад ч аавууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өөрийн хүсэлтээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч хүмүүжүүлэх боломжтой байдаг. Гэхдээ энэхүү заалтыг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй.

Хөдөлмөрийн тухай хуульд эцэг, эхчүүд бидэнд хэрэгтэй нэгэн заалт байгааг мэдэж, хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх нь чухал юм. Энэ бол 139.1 дэх заалт юм. Тодруулбал, Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна хэмээн заасан байдаг. Ихэвчлэн эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө жирэмсний амралтаа аваад, үргэлжлүүлээд хүүхдийг гурван нас хүртэл эцэг, эхийн чөлөө авдаг. Гэхдээ хуулийн дагуу бол хүүхдийн гэрчилгээнд нэр нь бичигдсэн аавууд энэ чөлөөг авах боломжтой. Тиймээс залуу аавууд минь бяцхан үрсийнхээ өсөж том болох үйл явцыг ажиглан цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх энэ боломжийг ашиглаж байхыг хүсэж байна. Түүнчлэн эцэг та хүүхдээ гурав хүртэл харахаар бол “Цалинтай эцэг, эх” хэмээх хөтөлбөрт хамрагдаж, сар бүрийн мөнгөн тэтгэмж ч авах боломжтой юм.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэх олон заалтыг тусгажээ

Дээр дурдсанчлан аавууд хүүхдээ асарч, ээжүүд ажилдаа явах боломжийг бий болгоход нэмэр болох олон заалтыг Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан байна. Тухайлбал, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан гэрээсээ эсвэл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно. Мөн хуулийн шинэчлэлийн дагуу жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулахыг хоригложээ.

Түүнээс гадна тус хуулийн 6.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно хэмээх заалт бий. Энэ мэт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон зүйл заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр шийджээ. Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь аливаа улсын нийгмийн болон хөгжлийн чухал зорилт төдийгүй эдийн засгийн өсөлтийн томоохон хүчин зүйл байдаг. Азийн Хөгжлийн Банкнаас /АХБ/ "Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоог ижил түвшинд хүргэснээр Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих нь" хэмээх  судалгаанаас харвал өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой гэж тооцоолжээ. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Монгол Улсад 2019 оны байдлаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4, эрэгтэйчүүдийнх 68.3 хувьтай байгаа тул эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зүйл заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгажээ. “COVID-19” цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт улам бүр буурсаар байна.

Ажлын байр, хөдөлмөрийн зах зээлд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг (АХОТ) нэмэгдүүлж тухайн улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Гэвч Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн дунд эмэгтэйчүүд давамгайлж байгаа ч хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо бага бөгөөд дундаж цалин нь эрэгтэйчүүдийнхээс доогуур байгаа нь судалгаагаар харагдсан байна.

2000 оноос хойш эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшин (АХОТ) 7.6 хувь буурсан бол эсрэгээрээ эрэгтэйчүүдийнх мөн хугацаанд 3.5 пунктээр өсжээ.  

Хөдөлмөр эрхлэхийн хажуугаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байна. Уг зөрүү нь хөдөө орон нутагт илүү өндөр байгаа аж. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэг хаагдсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж АХОТ 1.6 пунктээр, эрэгтэйчүүдийнх 1.2 пунктээр тус буурчээ.Мөн эх, эцэгт олгогдож буй хүүхэд асрах чөлөө, тэтгэврийн насны харилцан ялгаатай хязгаар нь эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, орлого олох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хазаарлаж байна гэдгийг судалгаанд дурдсан байгаа юм. 

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ажиллах хүчний оролцооны түвшинг 2030 онд 65 хувь, 2050 онд 70 хувь болгон өсгөх зорилтыг тус тус дэвшүүлсэн. Уг зорилтыг биелүүлэхэд ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа юм. 

 

Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн Г.Нямсүрэн

2021-11-15