Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ - 2021: Улс төрийн сүүдрээс холдож буй ШҮҮХ ЗАСАГЛАЛ


Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваадаг. Түүнчлэн засаглалын гурван хэлбэр ч гэж нэрлэдэг. Энэхүү засаглалын гурван хэлбэр нь бие биенээ хир зэрэг харилцан хянана төдий чинээгээр нийгмийн шударга ёс бүрэлдэж, ил тод байдал, сайн засаглал хөгжих үндэс суурь болдог билээ. Тухайн улсын шүүх илүү хараат бус, шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай байна тэр хэрээрээ тэр улсад ардчилал хүний эрх, эрх чөлөө бэхэждэг юм. Шүүх шударга байх нь нийгэм эрүүл байхын эхлэлээс гадна улсын эдийн засагт ч гэсэн үр өгөөжөө өгдөг.

2019 онд Үндсэн хуулийн 49.5-д нэмэлт өөрчлөлт орсноор хуульчдаас шүүгчдийг шилж сонгох, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх үндсэн үүрэгтэй Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн (ШЕЗ) бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн яаж хараат бус бүрдүүлэхтэй холбоотой чухал заалт нэмэгдсэн юм. Энэхүү заалтыг органик хууль дээр биежүүлэхийн тулд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгчээ.

Тэгвэл шүүхэд яг юу болохгүй байсан учраас ШЕЗ бүтэц бүрэлдэхүүнийг бий болгох механизмыг өөрчлөх шаардлага үүссэн юм бэ?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орохоос өмнө тус хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнтэй байсан ба тэдгээрийг, мөн бүх шатны шүүгчдэд хариуцлага тооцох эрх мэдэлтэй ёс зүйн хорооны бүх гишүүдийг ерөнхийлөгч томилдог байсан нь шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлөх улс төрийн нөлөөлөл үүсэх орон зай болж байсан юм.

Хуулиар ШЕЗ-ийн үйл ажиллагааг нь тодорхой цаг хугацаануудад гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох байгууллагуудын дор үйл ажиллагаа явуулж байсан нь шүүх засаглалд гажуудал үүсэхэд хүрсэн юм.

Гүйцэтгэх засаглал буюу хууль зүйн асуудал эрхэлсэн сайдын харьяанд ШЕЗ үйл ажиллагаа явуулж байх үед сайд эрх мэдэлээ урвуулан ашиглаж шүүх эрх мэдэлд хутгалдаж хавтаст хэрэгтэй танилцсан байх хууль зөрчсөн үйлдлүүд гарсан гэх хардлага төрж байсан төдийгүй ерөнхийдөө энэ систем нь шүүх засаглалыг гүйцэтгэх засаглал хянах өөрөөр хэлбэл засаглалын тэнцвэр шууд алдагдах нөхцөл бүрдэж байсан учраас ШЕЗ-г шүүх засаглалд нь буюу улсын дээд шүүхийн харьяанд шилжиж очсон.

Гэвч хуульчдаас шүүгчдийг сонгох шалгаруулах процесс шударга бус явагдаж Дээд шүүхийн шүүгчдийн хамаарал бүхий хуульчид шүүгчээр томилогдох тохиолдол хэт ихсэж, шүүгчид ёс зүйн хариуцлага алдахад хариуцлага тооцдог механизм ажиллахаа байсан нь хуульчдын дунд ихээхэн гомдол гарч энэ системийн хямралыг засахын тулд ШЕЗ-ийг бие даасан, хараат бус болгох гэж хууль тогтоогч нар 2012 онд ШЕЗ-ийг дээд шүүхийн харьяаллаас гаргасан юм.

Харин хууль тогтоох байгууллага 2013 онд ШЕЗ-ийн таван гишүүнийг ерөнхийлөгч томилдог хууль баталснаар энэ байгууллага бие даасан биш төрийн тэргүүний нөлөөнд орох нөхцөл бүрдэж, шүүх хараат бус үйл ажиллагаа явуулахгүй байна гэж зарим улс төрчдийн хэлдгээр “шударга бусын хонгил бий болох нөхцөл бүрдсэн” гэх шүүмжлэл нийгэмд гарч, зарим улс төрчид шүүх засаглалаар далайлгаж улс төрийн өрсөлдөгчөө тоглоомын гадна гаргах, бусдын бизнесийг булаан дээрэмдэх үзэгдэл нийгэмд гарч байгаа талаар шүүмжлэл ихээр гарахаас гадна ийм нөхцөл байдал үүсэх боломж бололцоотой тогтолцооны цоорхой үүссэн байна. Ингээд ШЕЗ гэх шүүх засаглалын эд эсийг бүрдүүлэгч томоохон институт нь шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 3 сарын 1 ээс хэрэгжиж эхлэхээс өмнө бүхий л цаг хугацаанд манай улсад хуулиар бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөл хангалттай бүрдээгүй байжээ.     

Тэгэхээр шинэчилсэн найруулгаар шүүгчдийг яаж улс төрийн нөлөөнөөс ангид хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн бэ? Дээрх гажуудлыг яаж арилгасан бэ?

Шүүхийн тухай хуулийн 76.1 болон 76.2 зүйлүүдэд зааснаар шүүхийн ерөнхий зөвлөл нь орон тооны 10 гишүүнээс бүрдэнэ, зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно харин бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно гэж заасан нь шүүгчдийг сонгон шалгаруулдаг институц хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж ирсэн юм.

Учир нь, Шүүхийн тухай хуулийн 77.1.1 - 77.1.5 хүртэлх заалтуудад тусгаснаар ШЕЗ-ийн шүүгч бус 5 гишүүнд эрхзүйн өндөр мэдлэгтэй тодорхой шаардлагуудыг хангасан Монгол улсын иргэн хэн ч нэрээ дэвшүүлэх нь нээлттэй, ил тод болсон ба 77.5.2-77.5.4 заалтуудад зааснаар томилгооны сонсгол зохион байгуулах, иргэд нээлттэй нэр дэвшигчтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, нэр дэвшигчдээс асуулт асуух эрхзүйн боломж нээгдсэн нь Америк тэргүүтэй барууны орнуудад төрийн хариуцлагатай албан тушаалтнуудыг томилохтой холбоотой сонсгол явуулдаг сайн жишгээс гадна ИРГЭДИЙН ОРОЛЦООГ дэмжсэн чухал алхам болсон төдийгүй ШЕЗ гишүүдийг сонгон шалгаруулах өмнөх процесстой харьцуулахад маш том дэвшил болжээ.

Мөн хуулиас мөрдөж гарсан журмын дагуу томилгооны сонсгол дээр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож нэр дэвшигчдээс асуулт асуух, томилогдвол хэрхэн ажиллах талаар нэр дэвшигчдийн байр суурийг нь сонсох, нэр дэвшигчтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэх боломж бололцоо бүрдсэн нь иргэний нийгмийн байгууллагын шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих тэднийг оролцоог нэмэгдүүлэх томоохон боломж бүрдсэн юм. Иймд ийм өндөр шүүлтүүрээр орсон ШЕЗ-ийн гишүүн хараат бус ажиллах иргэдийн итгэлийг алдахгүйн тулд хуульчдаас өндөр мэргэжлийн ур чадвартай шударга хүмүүсийг шилж сонгон шүүгч болгох механизмыг зөв голдиролд нь оруулж шүүх засаглалыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм. ШЕЗ-ийн гишүүдийг шүүгчдээс болон нээлттэй сонгон шалгаруулалтаас бүрдүүлсний давуу тал нь дотоод ардчилалтай хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахаас сэргийлэх бие даасан институц бүрдэж байна. 

Түүнээс гадна тус хуулийн 77.1.6 зааснаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах чиг үүрэгтэй ажлын хэсгийг УИХ дахь олонх, цөөнх, ерөнхийлөгч, засгийн газар, хүний эрхийн үндэсний комисс, хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна гэж заасан нь сонгон шалгаруулах үйл явцыг олон талын төлөөллийг оролцуулсан мэтгэлцээний зарчим дээр суурилсан илүү субъектив биш шийдвэр гаргах боломж бүрдсэн юм.  

 Мөн ёс зүйн хороо нь шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сахилгын хороо болж нэр нь өөрчлөгдсөн ч үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа юм. Шүүхийн тухай хуулийн 95.2 зүйлд зааснаар сахилгын хороо орон тооны 9 гишүүнээс бүрдэнэ. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно. Харин тус хорооны бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно гэж заасан нь сахилгын хорооны гишүүд нарийн шалгуурыг давж, тус хорооны гишүүн болох механизм бүрджээ.

Энэхүү өөрчлөлтүүд нь шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, бие даасан хараат байдлыг нь бэхжүүлсэн чухал шинэчлэл болсон юм. Өөрөөр хэлбэл энэ нь шүүхийг гадаад нөлөөнөөс л салгах томоохон алхам болсон бол харин шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлдөг дотоод нөлөөнөөс нь ангижруулахад шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар яг юу хийгдсэн бэ? Энэ асуудлыг дараагийн нийтлэлээрээ авч үзэх болно.

Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн Т.Баярбат

2021-11-15