Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


2022 ОНООС ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ 100 ХУВЬ СУМ, ДҮҮРГИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ


Баяр хөөр, аз жаргал дүүрэн шинэ оноо угтан авахад 44 хоног үлдлээ. Монголчууд бид хуучин оноо үдэхээс өмнө  ажил, амьдралынхаа алдаа оноогоо дэнсэлж, айлчилан ирж буй шинэ ондоо илүү их амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг билэгдэж, хүслийн жагсаалт хүртэл бичдэг болоод нэлээд жилийг ардаа үджээ.  Хэн бүхэнд ижилхэн заяасан 365 хоногт хүний амьдралд  юу эсэх тохиох билээ дээ. Уйлах инээх,ялах, ялагдах, амжилт, алдаа, уулзахын баяр, хагацахын гуниг эдгээр өдрүүдэд бидний хэнийг ч нь тойроогүй байх. Тиймээс шинэ оны эхний өдрөөс бүхнийг шинээр эхлүүлэх, улам их зүйл хийхийг хүсч, мөрөөдөж, түүндээ тэмүүлж  байгаа хүн олон байгаа байх. Тиймээс  2022 оны нэгдүгээр сарын 1 хэмээх энэ өдөр олон хүний хувьд өөрчлөлт, шинэчлэлтийн түүхэн өдөр болж тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгвэл түүхийн шинэ эхлэл болсон ирэх  оны эхний өдрөөс Монгол Улсад нэгэн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх гэж байгааг иргэн та мэдэж байгаа юу. Үнэндээ хууль, хуулийн талаарх ойлголт гэдэг ихэнх иргэдийн хувьд уйтгартай, үл ойлгогдох, нэг ёсондоо тийм ч сонирхолтой сэдэв биш л дээ. Гэсэн хэдий ч бидний, үр хүүхэд, хойч үеийнхний амьдрал, улс орны ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хуулийн талаар багахан ойлголт өгөх учраас уг хуулийн талаарх богинохон бичвэрт хэсэгхэн хугацаанд анхаарлаа хандуулахыг хүсье. 

УИХ-аас 2020 оны арванхоёр дугаар сарын 24-нд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь ийнхүү шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ хууль нь Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1640 баг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны харилцааг зохицуулдаг хууль юм. Энгийнээр хэлбэл таны амьдарч байгаа нутаг дэвсгэрт хамаарах Засаг захиргааны эрх, үүргийг зохицуулсан хууль гэж ойлгож болно. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг 1992 оноос хойш гурав дахь удаагаа шинэчлэн баталж байгаа нь энэ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар уг хуулинд эдийн засаг, эрх үүрэг, өмч хувьчлалтай холбоотой зургаан чиглэлээр өөрчлөлт оруулсан  нь өмнөх хоёр өөрчлөлтөөсөө онцлогтой. Энэхүү хуулийг шинэчлэн найруулан батласнаар орон нутгийн болон төрийн чиг үүргийг салгаж зааглаж өгсөн. Чиг үүргийг ингэж зааглаж, нарийвчилж байгаа нь шинэ гарсан хуулийн хамгийн гол амин сүнс нь болсон гэдгийг салбарын судлаачид онцолсон байна. Өөрөөр хэлбэл төр, орон нутаг юу хийх, ажил, үүргийн зааг нь  юу байх, хөрөнгө мөнгөө яаж босгох, хэрхэн, яаж хуваарилах, юуг бие даана гэж үзэх вэ, юуг хяналттай байлгах вэ гэдэг олон суурь зарчмын асуудлыг хөндсөн байна.

Ирэх оны эхний өдрөөс газрын төлбөрийг 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ

 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүү, гэсэн заалтууд уг хуулийн 15-18 дугаар заалтад тусгагдсан. Орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг дээрх бүлэгт тодорхойлж өгсөн байна. Өмнөх Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиас ялгаатай асуудал нь шинэчилсэн хуульд  эдийн засаг санхүүгийн үндэс, тэр дундаа нутгийн удирдлагын байгууллагын энэ чиглэлээр хэрэгжүүлэх эдийн засгийн эрх үүргийг тодорхой болгож, орон нутгийг эрх мэдлийг нэмэгдүүлсэн хууль болсон аж. Төрийн үйлчилгээг хамгийн ойр нэгжид хуваарилах субсидар зарчим гэж бий. Өөр хэлбэл иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойр нэгжээр нь дамжуулан хүргэх тухай ойлголт юм. Энэ зарчмын дагуу хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон. Энэ нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдахаас өмнөх төсвийн зохицуулалт руу оруулж байна гэсэн үг юм. Тухайлбал, төсвийн тухай хуульд 2020 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт орж дараах татварууд таны амьдарч байгаа орон нутагт шилжих юм.

 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-т заасан орлогод ногдох албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 100 хувь аймаг, нийслэлд төвлөрдөг байсан бол шинэ оны эхний өдрөөс хэрэгжих Засаг захиргаа нутаг дэсвгэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сум, дүүргийн төсөвт төвлөрүүлэхээр  шилжүүлсэн. Түүнчлэн газрын төлбөрийн 60 хувь нь аймаг, нийслэлд төвлөрдөг байсныг 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 100 хувь улсад төвлөрдөг байсныг 40 хувийг нь аймаг, нийслэлд төвлөрүүлэхээр байна. Уг хуульд оруулж байгаа өөрчлөлт нь Төсвийн төвлөрөл, орлогын төвлөрөлийг сааруулахад чиглэсэн өөрчлөлт юм. Орон нутаг тэр дундаа суманд бий болж байгаа нийт төсвийн орлогын 20 гаруй хувь нь суманд үлддэг 70 гаруй хувь нь аймаг, улсын төсөвт төвлөрдөг байсан бол Төсвийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутагт тэр дундаа сум дүүрэгт бий болж байгаа орлогын 60 гаруй хувь нь орон нутагтаа төвлөрч зарцуулагдахаар өөрчлөлтүүд оржээ.

 

Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын төсвөөс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээж замын түгжрэл, дэд бүтэц гэх мэт иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхээр болж байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж буй улсын төсвийн төслөөс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нийслэлд үлдсэнээр нийслэлийн төсөв 240.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан 420 тэрбум төгрөг дээр уг орлогыг нэмбэл 660.4 тэрбум төгрөгөөр нийслэлийн төсөв нэмэгдэх нь байна.  Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг, манай хотод шийдвэрлэх шийдэх асуудал олон байдаг боловч улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөнөөсөө хэд дахин бага мөнгө эргэн хувиарлагддаг. Тийм ч учраас хотын удирдлагууд иргэдийнхээ ирүүлсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд санасан, төлөвлөсөн зүйлээ тэр бүр хийж чаддаггүй байсан ч байж болох. Тухайлбал, Улаанбаатар хотын есөн дүүргээс Сүхбаатар дүүрэг 2021 онд хамгийн өндөр буюу 48 тэрбум төгрөгийг нийслэлд өөрийн татварын орлогоороо төвлөрүүлэх хуваарьтай, энэ дагуу ч төвлөрүүлээд явж байна. Хан-Уул 34 тэрбум төгрөг, Чингэлтэй 31 тэрбум төгрөг, Баянгол 4 тэрбум төгрөг, Баянзүрх 6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр графикт тусгажээ. Харин Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх дүүргүүд орлого төвлөрүүлдэггүй. Тэгвэл ирэх жилээс улсын орлогот орлого төвлөрүүлдэг дүүргүүдийн орлогоос дээр дурьдсан үндэслэлээр тодорхой хэмжээний орлого дүүргийн төсөвт үлдэх нь. Ийнхүү иргэн таны амьдарч байгаа аймаг, нийслэл, сум дүүргүүдэдийн төсөв нэмэгдэж байгаа учраас та бүхний утга учиртай оролцоо, шинэлэг санал санаачилга, хяналт шалгалтын үрээр олон олон өөрчлөлт нүдний өмнө гарах биз ээ.

Засаг захиргаа нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төсвийн эрх мэдлийг орон нутагт өгөхөөс гадна хариуцлагыг нь ч мөн аймаг, нийслэл, дүүрэг, хороодууад ногдуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан хамтран хийдэг нийтийн эзэмшлийн зам талбай арчлах тордох, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг цэвэрлэх, засах, сэргээх, гэрэлтүүлэг, камержуулалт, золбин нохой муурны асуудал, замын халтиргаа гулгаа, хог хаягдлын менежмент зэрэг ажлуудыг үндсэндээ дүүргүүд хариуцахаар болж байна.  Өөрөөр хэлбэл дүүргүүд төсвөө төвлөрүүлэх эрхээ эдэлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Иргэн та өөрийнхөө амьдрал дээр бодоод үз дээ. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн жишээн дээр энэ асуудлыг тайлбарлах гээд оролдоод үзье л дээ. Тухайн өрхийн аав, ээж бол Монгол Улсын төсөвийг атгаж байгаа субектууд. Өмнө нь аав ээж хүүхэддээ нэхсэн болгоныг нь авч өгөх л үүрэг хүлээж байсан бол одоо хүүхдүүддээ өмч таслан өгч тухайн өмч хөрөнгөө өсгөж үржүүлээд, өөрсдийнхөө амьдралд тулгамдсан асуудлуудаа бие даан шийдвэрлэх боломж олгож байгаа гэсэн үг л дээ. Дүүргийн засаг дарга, сумын засаг дарга нар сум, дүүрэг орон нутгийнхаа барилга байгууламжийн урсгал зардал, урсгал засварыг өөрсдөө хариуцна. Тэр сум дүүрэгт шинээр барилга байгууламж барьвал яамны асуудал. Тэгэхээр сум, дүүргийн засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар дээврийнхээ, цонхоо засуулах гээд яам руу гүйдэг байдал арилах юм. Эдийн засгийн ямар эрх мэдэл орон нутагт шилжиж байна вэ гэхээр Монгол Улсын өөрийн төсвийн орлогод 10 их наяд төгрөгийн төсвийн орлого бий. Тэгэхээр орон нутагт бид нэг их наяд төгрөгийн татварыг сангийн яам руу төвлөрүүлдэг биш, орон нутагт нь үлдээдэг болголоо. Энэ бол орон нутагт маш том эрх мэдэл ирж байна гэсэн үг.Татварын хамгийн боломжтой бааз сууриудыг сум, дүүрэг рүү шилжүүлсэн. Энэ хуулийн гол онцлог бол чиг үүргийг дагуулж буюу хийх ажилтай нь зэрэгцүүлж санхүүжилт, төсвийн асуудлыг шийдэж өгсөнд байгаа юм.

Түүнээс гадна эрх, үүргийн давхцалыг арилгаж, хариуцах эздийг нь тодорхой болгож, асуудлыг буух эзэн буцах хаягтай болгосон гэсэн үг юм. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд дүүргийн засаг дарга энэ хүртэлх, нийслэлийн засаг дарга энэ хүртэлх эрх мэдэлтэй гэж зааж өгсөн ч, зарим нэг чиг үүрэг давхацдаг. Тухайлбал, газар олгох, газар эзэмшиж ашиглахтай холбоотой асуудлаар нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг даргын чиг үүргүүд давхацдаг. Дэд бүтэцтэй газарт нийслэлийн засаг дарга газар олголт хийнэ, дэд бүтэцгүй газар нь дүүргийн засаг дарга газар олголт хийнэ гээд газрын тухай хуулинд тодорхойлж зааж өгсөн. Гэхдээ ямар газрыг нь дэд бүтэцтэй газар гэдгийг нь тодорхойлж өгөөгүй учир давхцал бий болдог. Үүнээс үүдэн өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын газар зохион байгууллалттай холбоотой асуудал хэн бүхний толгойны өвчин болсон. Хамгийн харамсалтай нь энэ бүхэнд хэн, ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус. Ийм ойлгомжгүй байдлаас үүдэн хууль ёсны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд газар эзэмших гэрчилгээгээ авч үйл ажиллагагаа эхлүүлээд удаа ч үгүй байтал гэрчилгээгээ цуцлуулж, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирох тохиолдол бизнес эрхлэгчид болоод иргэдэд олонтаа тохиолддог.Тэгвэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хэн ямар хүрээнд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хүрээнд хариуцлага тооцдог буюу эзэн биегүй хариуцлагын тогтолцоог эзэн биетэй болгож өгсөн гэж ойлгож болно.

 

 

Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн П.Батзаяа

 

2021-11-17