Иргэдийн оролцоо төслийн хүрээнд хэрэгжиж буй залуучуудад зориулсан хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр танилцууллаа. Танилцуулгын үеэр Академич С.Нарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Иргэдийн оролцоо төслийн захирал П.Хадбаатар, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд Захирал Бенуа Мейер-Биш нар байлцав.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Засаглалыг дэмжих, төвлөрлийн сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй нэг төсөл нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй Иргэдийн оролцоо төсөл юм. Тус төсөл нь иргэний оролцооны эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн бодит оролцоог дэмжих, залуучууд, өсвөр үеийнхэнд эрх зүйн мэдлэг олгох, мэдээлэл түгээх үндсэн гурван зорилттойгоор 2017-2022 онуудад хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд 2018 оноос эхлэн залуучуудад зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2021 оны байдлаар 3 хөтөлбөрийг дараах чиглэлд дэмжин ажиллаж байна. Үүнд:
Дээрх хөтөлбөрүүдэд 2018-2021 онуудад 14-35 насны нийт 307 (55 эр, 242 эм, үүнээс орон нутгаас 15 оролцогч) оролцогч оролцож, засаглал, хүний эрх, иргэдийн оролцооны чиглэлээр чадваржсан. Мөн хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 20 жижиг төсөл хэрэгжиж, залуучуудад зориулсан контентууд бүтээсэн.
Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийг 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. 2021 оны байдлаар 5 элсэлт явагдаж, 124 оролцогч хамрагдсан. 2019 онд хөтөлбөрийн Төгсөгчдийн холбоо байгуулагдан ажиллаж байна. Тус Төгсөгчдийн холбоо нь нийт 86 гишүүнтэй.
Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөр 2020 оноос эхлэн дэд хөтөлбөрүүд болох Сэтгүүлчдэд зориулсан менторшип хөтөлбөр, Сэтгүүлчдийг хуулиар мэргэшүүлэх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн ХБНГУ-ын Дойче Велле Академи, Филиппин улсын Rappler агентлагтай хамтран иргэний оролцоо, засаглалын тухай мэдээлэл бэлтгэхэд кросс-медиа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ашиглах сургалтанд хамрагдаж, 2021 онд Иллиниус мужийн Их сургуулийн сэтгүүл зүйн танхимын профессортой хамтран онлайн сургалт зохион байгуулжээ.
Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг ТББ-тай хамтран 14-18 насны залуучуудад зориулсан Improve хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөтөлбөрт нийт 150 ахлах ангийн сурагч хамрагдсан. 2021 оны 10 сард хөтөлбөрийн төгсөгчдөөс бүрдсэн Advanced клубыг байгуулсан. Advanced клуб нь нийт 14 гишүүнтэй. 2021 оны 11 сард Иргэний боловсрол төв ТББ-аас зарласан Европын Холбоо (EU Delegation)-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй залуучуудын бичил төслийг дэмжих уралдаанд иргэний оролцооны чиглэлээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг чадваржуулах цуврал цахим сургалтын төслөөр оролцон шалгарч, төслөө хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийг Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-аас 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Нийт 60 оролцогч хамрагдсан. Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөнд залуучуудад чиглэсэн ажлуудад дүн шинжилгээ хийж, залуучуудын төсвийг үр ашигтай зарцуулах, залуучуудыг дэмжсэн төсвийг нэмэгдүүлэх, хяналт, оролцоог сайжруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн явцад оролцогчид 3 багт хуваагдан, 2020 оны нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд анализ хийх, www.tender.mn , худалдан авах ажиллагааны газар болон яамдуудын төсөв хэрхэн батлагддаг, хэрхэн худалдан авах ажиллагаа явагддаг зэргийг багаараа судалж, иргэдэд хүртээмжтэй, залуучуудад ээлтэй зурган контент бүтээхээр ажиллаж байна.
2021-12-03