Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Нийтлэлч Т.Баярбат: Шударга шүүх ба иргэдийн оролцоо


Шүүхийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх болон иргэдийг шударга шүүхээр шүүлгэхэд ямар ач холбогдолтой вэ?

Мэдээж асар их ач холбогдолтой гэдгийг олон улсын сайн жишээнүүд болон ардчилал, хүний эрх үлгэр жишээ түвшинд хөгжсөн хөгжингүй орнуудын шүүх засаглалын бүтэц, үйл ажиллагаа хангалттай нотолдог билээ.

Яагаад иргэдийн оролцоо чухал вэ?

АНУ-д хүний эрхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, хууль эрх зүй, шүүх засаглалын чиглэлээр мэргэшсэн судлаач П.Бадамрагчаагийн “Шүүхэд хэрэг маргааныг хянан хэлэлцэх ажиллагаан дахь иргэдийн оролцоо” нэртэй бүтээлд дурдсанаар шүүхийн ил тод байдлыг хангах гол нөхцөл нь шүүх үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах явдал юм гэжээ. Өөрөөр хэлбэл шүүхийн үйл ажиллагаа нь талуудад тэгш боломж олгох үндсэн зарчим хангагдахад иргэдийн төлөөлөл шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа эсэхийг заавал авч үзэх нь зайлшгүй байх ёстой тэгш эрхийн зарчим юм.

Тэгвэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар өөрчлөлтүүд хийгдсэн бэ?

  • Шүүхийг илүү цахимжуулах
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гадны нөлөөгүй санамсаргүй сонголтын аргаар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг бүрдүүлэх

Дээрх үндсэн хоёр хүчин зүйл нь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог дэмжихэд чухал ач холбогдолтой төдийгүй иргэд олон нийт шүүхийн шийдвэрт хяналт тавих боломж бололцоог тодорхой болгосноороо онцлог юм.

Шударга шүүхийг бий болгоход иргэдийн оролцоо хэрхэн яаж нөлөөлдөг талаар 2018 онд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвөөс хийсэн судалгаагаар, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт, саналд шүүх ач холбогдол өгдөггүй буюу шүүхийн шийдвэрт тусгадаггүй ” гэсэн судалгааны дүгнэлт гарчээ. Харин шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу шүүхийн багц хуулинд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тусгагджээ.

Тэгвэл манай улсын эрх зүйн хамгийн том баримт бичиг болох Монгол Улсын үндсэн хуулинд шүүх дэх иргэдийн оролцооны талаар ямар зүйл заалт байдаг вэ?

Үндсэн хуулийн 52.2 зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж байдаг. Хэдийгээр үндсэн хуулинд ингэж заасан ч органик хуульд энэ заалт бодитоор биежээгүй байх тохиолдол байдаг. Харин шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн энэхүү заалт хангалттай сайн тусгалаа олсон гэдгийг хуулийн төсөл дээр ажилласан судлаачид цохон тэмдэглэжээ.

Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар

Иргэн та дараах гурван шаардлагыг хангаж байвал Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох боломжтой.

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол улсын иргэн
  2. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
  3. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг

Гэхдээ хэрэв та төрийн улс төрийн болон тусгай албан тушаал хашиж байвал энэ хугацаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох боломжгүй.

Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж яг хэн бэ?

Шүүх хуралдаанд оролцож шүүхийн шийдвэрт хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлтээ бичгээр болон амаар гаргах, шүүх бүрэлдэхүүн түүний санал дүгнэлтийг заавал харгалзан үзэх ийм эрх бүхий иргэдийн төлөөллийг хэлдэг. Өөрөөр хэлбэл таны оршин суугаа орон нутгийн бусад иргэдийг шүүхэд төлөөлж буй чухал үүрэгтэй төлөөлөгч юм.

Гэхдээ та өөрийн хүслээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихгүй учир нь шүүх хараат бус байх ёстой гэдэг зарчмын үндсэн дээр Шүүхийн тухай хуулийн дагуу иргэдийн төлөөлөгчдийн нэрс санамсаргүй аргаар цахимаар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгогддог байна. Энэ нэрсийн жагсаалтад орсон иргэн та (тухайлбал Улаанбаатар хотд байнга оршин суудаг бол) өөрийн дүүргийн иргэдийг шүүхийн өмнө төлөөлж байна гэдэг үүргээ маш сайн ухамсарлах ёстой.

Олон жил хамт ажилласан шүүгчид нэг нь нөгөөдөө яаж нөлөөлж, хэргийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс хэрхэн оролцож байгаа талаар иргэн та “хий хардаж”, төсөөлөн бодохоос илүүтэй хуулиар заагдсан иргэний үүргээ биелүүлж, шүүхийг хараат бус байлгах эрх зүйн боломжоо ашиглах нь нийгмийн шударга ёсыг бүрдүүлэх, хараат бус бие даасан шүүхийн тогтолцоог төгөлдөржүүлэхэд иргэн таны оруулж буй том хувь нэмэр юм.

Хэрвээ иргэд хуулиар заагдсан эрхээ эдэлж, шүүхийн шийдвэр гаргалтад өөрсдийн үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлж чадаж байвал шүүх аяндаа шударга шийдвэр гаргаж олны дунд яригддаг шүүх нэг талыг барисан хууль бус шийдвэр гаргалаа гэдэг хардлагад цэг тавих боломж бүрдэх хангалттай хууль эрх зүйн орчин манайд улсад ялангуяа шүүхийн тухай хуулиар олгогдсон байна.

Харамсалтай нь иргэд энэ эрхээ хангалттай эдлэхгүй байна. Тухайлбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хоёрдугаар хэлтсийн дарга С.Түвшинтөрөөс энэ талаар түүний байр суурийг сонсоход, “Шүүхийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцох эрхтэй. Гэтэл нөгөө шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн зарим нь би ийм хэл амтай, муухай зүйлд оролцмооргүй байна эсвэл зав чөлөө  муутай боломжгүй байна, мөн орон нутагт ажилтай явна гэх зэрэг шалтгаанаар шүүх хуралдаандаа оролцдоггүй нь хуралдаан хойшлохоос эхлээд цаг алдах, олон хүний ажил цалгардах, хүндрэлтэй байдал үүсгэдэг бөгөөд иргэд шүүх засаглалд хяналт тавих өөрсдийн иргэний үүргээ биелүүлэхийн ач холбогдлыг ойлгохгүй байгаагийн нэг жишээ. Иймээс энэ талаар нийгэмд тодорхой ойлголтыг өгөх шаардлагатай байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тал дээр иргэдэд зөв мэдлэг, мэдээлэл, ойлголт өгөхөд чиглэсэн контент нэвтрүүлэг хийхэд анхаарах нь шүүх засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал хувь нэмэр болно” гэдгийг онцоллоо.

Өмнө нь цөөн тооны хэдэн хүмүүс иргэдийн төлөөлөгч гэж шүүх хуралдаануудад оролцоод явдаг байсан нь шударга, тэгш эрхийн зарчимд суурилсан шүүхийн шийдвэр гаргалтад нөлөөлөх иргэдийн хяналт алдагдаж байсан юм. Энэ байдлыг засахад энэ удаагийн шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн ач холбогдолтой төдийгүй тухайн орон нутгийн иргэдийг шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаанд буюу өөрөөр хэлбэл наймаас дээш жилийн хорих ялын заалттай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаануудад иргэдийн төлөөлөлөөс хамгийн багадаа нэг хүн оролцож байж шүүх хуралдаан явагддаг. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн талаар заавал иргэдийн төлөөллийн саналыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үздэг хуулийн заалттай билээ. Энэ нь иргэдийн шүүхийн шийдвэр гаргалтад бодитоор оролцож буй жишээ юм.

Ингэснээр шүүхийн шийдвэрт хөндлөнгийн иргэдийн хяналт тавигдах эрх зүйн хөрс суурь бүрдэж ирж байгаа бөгөөд АНУ болон баруун Европ зэрэг ардчилал, хүний эрх хөгжсөн орнуудын шүүхийн хараат бус байдал, шүүхэд иргэдийн оролцоо өндөр байдаг тогтолцоог манай улсад бодитоор бэхжүүлэх, ингэснээр нийгэмд шударга шүүхийн тогтолцоо бүрдэх хууль эрх зүйн орчин биежихэд иргэн бидний оролцоо ихээхэн үүрэгтэй болоод байна.

Хэрэв иргэн та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бол Шүүхийн тухай хуулийн 63 болон 67 дугаар зүйлд заасны дагуу таны ажил олгогч байгууллага таныг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохыг бүх талаар дэмжих, танд цалинтай чөлөөл олгож, шүүх хуралдаанд оролцоход аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээдгээс гадна шүүхээс иргэн танд албан томилолт, замын зардал, шүүх хуралдаанд суусан хөлсийг цагаар тооцож олгодог билээ. Тэгэхээр иргэн та хүн бүрт олдоод байдаггүй шүүх хуралдаанд оролцох эрхэм иргэний үүргээ заавал биелүүлэх нь таны шударга нийгмийг бүтээх, шүүх засаглалын бие даасан, хараат, ил тод байдлыг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэдгийг ухамсарлаж заавал шүүх хуралдаа оролцож, шүүх хэрхэн шударга шийдвэр гаргаж байгааг шүүн тунгаах, өөрийн санал дүгнэлтээ гаргах нь таны ардчилсан нийгэмд иргэн болсны томоохон гавьяа юм. Тиймээс хүн бүрт олддоггүй ховорхон боломж танд олдсон бол та заавал түүнийг ашиглаарай !!!  

 

"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Т.Баярбат

 

 

 

 

2021-12-07