Та шинээр ажилд орох гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалтуудыг анхаарч уншаарай. Гурван парламент, таван Засгийн газар дамжсан “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчлэгдсэн заалтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс ажил олгогч байгууллага, ажилтан бүгд дагаж мөрдөх юм.
Залуусын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй бэрхшээл цөөнгүй бий. Дэлхий даяар 59 сая залуус ажилгүй, 136 сая хүн ядууралд орсон тухай баримт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нэн даруй анхааралдаа авах болсныг илтгэнэ. Монгол орны хувьд залуучуудын хөдөлмөрийг дутуу үнэлэх, илүү цагаар ажиллуулах, цалингүй хөдөлмөр эрхлүүлэх гэх асуудлууд багагүй байдаг. Улмаар залуу насандаа ажилгүйдэлд өртөх эсвэл албан бус ажил эрхлэх нь залуучуудад сөргөөр нөлөөлөхөөс гадна эдийн засаг, нийгмийн хөгжилд ч мөн том саад бэрхшээлийг учруулах эрсдэлтэй. Залуусын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр эдийн засаг илүү хурдацтай, хүртээмжтэй өсөх боломжтой юм. Иймд зөв зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголтоо сайжруулж, хөдөлмөрлөх эрх, үүргээ мэддэг болж, эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах нь Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрч буй нэгэн хэлбэр хэмээн НҮБ-ын Монгол дахь салбараас үзэж байгаа юм. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан ажил олгогч нь хуульд заасан эрх, үүргээ мэддэг байх нь аливаа маргаан, зөрчил гарахаас урьдчилан сэргийлнэ. Ялангуяа залуус бид нар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, эрх үүргээ мэддэг оролцоотой байх нь чухал юм.
Иргэний үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг хураан авах, барьцаалахыг хориглосон
Хөдөлмөрийн тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал. Тиймээс хөдөлмөрийн гэрээтэй холбоотой бүлгийг ажилтан, ажил олгогч хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгох үүднээс гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, нийтлэг харилцаа, шаардах бичиг баримт, өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болгожээ. Тухайлбал, ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлэх, хөдөлмөрийн харилцааг хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дараа дуусгавар болгох эрхтэй байхаар зохицуулалт оруулжээ. Мөн хөдөлмөрийн харилцаанд түлгээмэл илэрдэг хүндрэлтэй асуудал буюу ажил олгогч ажилтнаас мөнгө болон бичиг баримт шаардаж, хураан авдаг асуудлыг хориглосон. Ажилтны иргэний үнэмлэх, гадаад паспорт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийн эх хувийг хураан авч барьцаалбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх аж.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүснэ
Өмнө нь хөдөлмөрийн хуулиар зөвхөн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулна гэж хязгаарлаж байв. Харин шинэчилсэн хуулиар ажилтан ажил олгогчтой тохиролцон түүний заасан ажил үүргийг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож, ажилтан хуулийн хамгаалалтад орох эрх нь үүснэ хэмээн нарийвчлан заажээ. Тэгэхээр уг хуулийн шинэчлэлээр хэд хоног хэдэн сар туршилтаар ажиллаад үз тэгээд гэрээ байгуулья гэсэн саналыг ажил олгогч ажилтанд тавих эрхгүй болж байгаа юм. Түүнчлэн тухайн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн л бол Хөдөлмөрийн тухай хуулийн хамгаалалтад орж, цалин хөлсөө авах боломжтой болж байна.
Мөн ажил олгогч нь ажилд орох гэж буй хүнд гүйцэтгэх үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэг хүлээж байгаа юм. Тэгэхээр та бид ажилд орохдоо хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдгээ ичиж санаа зовсон байдлаар асуух шаардлагагүй болж байна. Түүнчлэн хуулийн шинэчлэлийн хүрээнд ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байхаар ажил олгогчид үүрэг болгосон байна. Хэдэн төгрөгийн цалин авч, хэдийг нь хэрхэн хаана суутгаж авч байгаа талаар ойлголтгүй ажилтан байдаг нөхцөл энэ заалтаар дуусгавар болох нь.
Таны хувийн мэдээллийг хууль бусаар авч, ашигласан бол та гомдол гаргах эрхтэй
Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хувийн нууцад хамаарах, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн талаар мэдээлэл авах, боловсруулах, хадгалахыг хориглоно гэж заасан. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтны мэдээллийг хууль бусаар авсан, боловсруулсан, хадгалсан, ашигласан, дамжуулсан бол тухайн ажилтан эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй. Тиймээс танд шинэ ажилд ороход аль намыг дэмждэг эсэхээ мэдэгдэх шаардлагагүй бөгөөд ажил олгогч нь танаас ажил үүрэгтэй холбогдолгүй аливаа асуулт асууж, мэдээлэл цуглуулахыг хориглосон байна. Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд сэтгэцийн эмгэг, хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлэх, жирэмсэн эсэхийг тодруулахыг хориглосон юм.
Ингээд дараах хүснэгтээр Хөдөлмөрийн тухай хуулийн онцлох өөрчлөлтүүдийг харуулья
Өмнө |
Одоо |
1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн хүчирхийллийн талаар заалт тусгагдаагүй. |
Ажлын байран дахь дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг заалтыг тусгасан гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн долоодугаар зүйлд энэ талаар дэлгэрэнгүй заалтууд оруулжээ. Өөрөөр хэлбэл ажилтныг ажил байрандаа дарамт, хүчирхийлэл бэлгийн дарамтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь ажил олгогчийн үүрэг болсон. |
Ажилтан ажил үүргээсээ татгалзах тухай хуулийн заалт байгаагүй. |
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Гэхдээ зөвхөн дараах тохиолдлуудад гэдгийг анхаарах хэрэгтэй Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийн 54.1.1.ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн; 54.1.2.ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан; 54.1.3.ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй. 54.2.Ажилтан энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй. Энэ эрхээ эдэлснийхээ төлөө ажлаас халагдах болон сахилгын шийтгэл хүлээхгүй. Мөн цалин хөлсөө хасуулахгүй байх юм. |
Дагалдангаар болон дагалдан суралцах зэрэг тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заалт байхгүй. |
Дагалдангаар ажиллах, дагалдан суралцах, туршилтаар ажиллуулах, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах гэрээсээ, зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөхөөр зохицуулсан, |
Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлсан заалт байгаагүй. |
Ажилтны ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөн |
Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлсан заалт байгаагүй. |
Албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох 8.1.Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно. |
Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлсан заалт байгаагүй. |
Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг 73.1.Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно |
"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Г.Нямсүрэн
2021-12-08