2019 онд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс явуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа”-нд оролцогчдоос аймаг, нийслэлийн ИТХ-аас гаргасан гол шийдвэрүүдийг нэрлүүлэхэд 43 хувь “хэлж мэдэхгүй”, 25 хувь нь “Орон нутгийн төсөв батлах”, 15 хувь нь “Татварын хувь хэмжээ, хураамж тогтоох” шийдвэр гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд иргэд аймаг орон нутгийнхаа төсөв батлах болоод татварын хувь хэмжээ, хураамж тогтоох үйл явцыг хамгийн сайн мэддэг болох нь харагдаж байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хууль иргэнд бодлогод оролцох, шийдвэр гаргуулахаас гадна дээр дурдсан хамгийн сайн мэддэг сэдэв-орон нутгийнхаа төсөв, татварыг хянах боломжийг олгож байгаа билээ.
Нэг. Орон нутгийн орлого орон нутагтаа үлдэнэ.
Орон нутагт эдийн засаг, санхүүгийн хувьд асуудлаа шийдвэрлэх нөөц бололцоо нэмэгдэж байна. Аймаг, орон нутаг хөгжихийн тулд татварын болон татварын бус орлогоор тодорхой хэмжээгээр мөнгө олдог байх ёстой. Хууль шинэчлэгдсэнээр хэд хэдэн төрлийн татваруудыг шууд орон нутагт нь үлдээхээр болсон. Жишээлбэл, хүн амын орлогын албан татварын орлого шууд сум, дүүрэгт үлдэнэ. Олон ажилтантай, бүгдээрээ нийгмийн даатгалын шимтгэл төлдөг том сумын хувьд мөнгөн дүн өндөр гарна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хувь нь улсад төвлөрч, үлдэх хэсэг нь аймаг, нийслэлийн төсвийн орлогод үлдэхээр болсон. Одоогийн манай нөхцөлд аж ахуйн нэгжүүд сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг атлаа татвар нь дандаа улсын төсөвт төвлөрдөг. Тухайн аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ татварыг авах сонирхол аймаг, сумдад байж таарна. Тийм учраас үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэртэй нь холбогдуулж татварынхаа механизмыг өөрчлөх концепц шинэ хуульд туссан. Үүнийг бусад хуульд өөрчлөлт хийх, журам гаргах зэргээр нарийн зохицуулах ёстой.
Хоёр: Орон нутаг орлогоо авч үлдэнэ.
Аймаг, сум төрөл бүрийн үйл ажиллагаа явуулаад орлого олж болно. Жишээлбэл, Хөвсгөл нууранд жуулчдад зориулсан мөсний фестиваль зохион байгуулаад орлого олвол орлогыг Хөвсгөл аймаг өөрөө авч үлдэнэ гэсэн үг. Одоогийн механизмаар олсон орлого нь төрийн нэгдсэн сан руу орж байна. Энэ нь орон нутаг өөрөө бие даагаад орлого олох сонирхлыг багасгаж байгаа юм. Тэгвэл шинэ хуулиар орон нутагтаа орлого олж болно, орлого нь тэндээ үлдэнэ гэсэн зарчим бий болж байна.
Гурав: Орон нутаг төсвийн бие даасан сантай байж болно.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр өмнө нь огт байгаагүй шинэ зүйлийг бий болгож өгсөн нь “орон нутаг өөрийн гэсэн бие даасан сантай байж болно” гэсэн заалт. Тухайлбал Төв аймгийн Мөнгөнморьт сум иргэдээ зохион байгуулаад самар түүлгээд орлого оллоо. Байгалийн нөөц ашигласны төлбөрөө сумын засаг даргын тамгын газрын төсөвт аль хэдийн төлчихсөн, олсон самраа борлуулаад, иргэддээ бас тодорхой хэмжээний орлого өгчихсөн. Үлдсэн орлогоо бие даасандаа сандаа хуваарилна. Орон нутаг төсвийн бус бие даасан сантай болсноор олон нийтээс өгч байгаа хандив зэргийг ямар дансанд хийх үү, яаж захиран зарцуулах вэ гэдэг боломжийг нээлттэй болгож өгч байна. Харин энд ганцхан зарчим үйлчлэнэ. Сангийн зарцуулалтын ил тод хангагдсан байх ёстой.
Дөрөв: Төр санхүүгийн дэмжлэгийн талаар хариуцлага хүлээнэ.
Улс, засгийн газар, их хурал нь орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар сумын өмнө, аймгийн өмнө хариуцлага хүлээнэ гэдэг заалт хуулинд цоо шинээр орсон. Манай улс хэчнээн нэгдмэл зохион байгуулалттай ч гэсэн бусад улс орны туршлагаас харахад заавал орон нутгаа тэтгэж авч явдаг. Энэ бол төрийн өөрийнх нь үүрэг. Тийм учраас хүрэлцээгүй асуудлаараа улсаас санхүүгийн дэмжлэг авах, орлого олдог байлаа ч улсаас тодорхой хэмжээний мөнгө авна гэж тусгажээ. Санхүүгийн хувьд бэхжих, тогтвортой орлоготой байх боломж гэж харж болно. Олсон орлогоо хэрхэн зарцуулах, иргэдээ хэрхэн оролцуулах нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын асуудал билээ.
Тав: Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг иргэд хянана.
Сум, баг, иргэдээс асуулгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд тухайн орон нутагт том барилга байшин барих шийдвэр гарчихдаг. Тэр нь эргээд сумандаа ашиглахааргүй, арчилгаа үйлчилгээнээс эхлээд бэрхшээл болдог асуудал бий. Жишээлбэл, аймгийн төвд баг болгонд биеийн тамирын заал, сум бүрт соёлын төв барьдаг асуудал байдаг. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгө урсаад байгааг анзаардаггүй. Суманд тендер зарладаг, хотоос нэг компани ялаад барилгаа барьдаг, чанарын хувьд хангалтгүй байдгийг иргэд хэлдэг. Энэ ажлыг зохион байгуулдаг, хянадаг эрхийг нь орон нутгийн иргэдэд өгөх санаа энэ хуульд тусжээ. Цаашид аймаг нь өөрөө мөнгөө төсөвлөөд орон нутагтаа хэрэгтэй барилгаа барьдаг, салбарын яам нь аж ахуйн асуудалд оролцдоггүй, бодлогоо хариуцаад явдаг байх хэрэгтэй юм.
Зургаа: Иргэдийн төлөөлөгчдийн хурал жилд 4 удаа хуралдана.
Сум, аймгийн төлөөллийн хурлууд өмнө нь жилд хоёр удаа хуралддаг байсан. Шинэ хуулиар улиралд нэг буюу жилд дөрвөн удаа хуралддаг болж байна. Чиг үүргүүд нэмэгдээд, тодорхой асуудлуудыг хариуцахаар төлөөллийн хурлууд олон хуралдах шаардлага үүсэж байгаа юм. Иргэдээс ирэх санал, санаачилга ч нэмэгдэх учраас ИТХ, ИНХ төлөвлөгөөгөө зөв гаргаад, хэрэгжүүлээд явах хэрэгтэй болж байна.
Маш товчхоноор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр иргэд орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг өөрсдөө шийддэг систем рүү орж байна.
Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн, нийтлэлч Н.Батзориг
2021-12-09