Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар бол Монгол Улсын эдийн засгийн голлох салбарын нэг билээ. Одоогоор манай улсын нийт өрхийн 25.9 хувь нь малтай өрхийн тоонд багтаж байна. Мал аж ахуйн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 30 гаруй хувь хамаардаг буюу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлдэг малчин өрх 59.2 мянга байдаг. Эдийн засгийн голлох энэ салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийн асуудал саяхныг болтол тодорхойгүй байсан юм.Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд малчин болон туслах малчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг шинээр тусгаж өгсөн нь уг хуулийн томоохон өөрчлөлт шинэчлэлтийн нэг хэсэг болсон юм. Тэгвэл уг хуулийн шинэчилсэн найруулгад туслах малчин болон малчин иргэдийн дунд үүссэн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан талаарх онцлох заалтуудын талаар уг нийтлэлээрээ хүргэхийг зорилоо.
Сүүлийн жилүүдэд туслах малчин гэх ойлголт түгээмэл хэрэглэгдэж, Үндэсний статистикийн хорооноос үүнтэй холбоотой статистик мэдээллийг албан ёсоор гаргах болсон бөгөөд 2019 оны байдлаар нийт 285.5 мянган малчны 94.7 хувь нь үндсэн малчид, 15.2 мянга буюу 5.3 хувь нь туслах малчин байгаа гэх судалгаа бий. Үндсэн болон туслах малчны хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт бий болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин төдийлөн сайн хөгжөөгүй байсаар энэ оныг үдэж байна.
Туслах малчин ажиллуулах бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулна
Туслах малчнаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн байдал болон хөдөлмөр эрхлэлтэд ХЭҮК-оос судалгаа явуулж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд тэдний хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон асуудлыг хөндөж гаргасан. Дээрх судалгаанд нийт дөрвөн аймгийн буюу Архангай, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатарын 12 сумын иргэдийг хамруулсан байна. Судалгаагаар, үндсэн болон туслах малчин өрхийн хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин байдаггүйгээс туслах малчдад олон асуудал тулгардаг талаар онцгойлон анхааруулсан. Тухайлбал, гэрээгээр бус, аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлж байгаа нь туслах малчид хөдөлмөрийн хөлсөө авахад хүндрэл учруулдаг тогтоогдсон байна.
Судалгаанд оролцсон туслах малчдын хувь, ажил олгогч малчдын 88 хувь нь аман тохиролцоо хийдэг гэжээ.
Аман тохиролцоог цалин хөлс, орон байр, хоол хүнс бусад хангамжтай холбоотой асуудлаар тохиролцох байдлаар хязгаарладаг байна.
1999 онд батлагдаж одоог хүртэл мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан бол хөдөлмөрийн харилцаа үүсэнд тооцдог байсан. Тиймээс дээр дурдсанчлан ихэнхдээ аман байдлаар хөдөлмөрийн гэрээгээ тохиролцдог малчин болон туслах малчдын дунд үл ойлголцол бий болж туслах малчны цалин хөлсийг олгохгүй хөөгөөд явуулсан түүх олон.
Баримт-1: ХЭҮК-ын судалгаанд дурдагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас сийрүүлэхэд “ .... Би нэг айлд хоёр жил адуучнаар ажилласан. Анх тохиролцохдоо 2 жил ажилласны дараа азарга адуу өгнө хэмээн ажил олгогч малчин хэлж байсан. Уг айлд 1.6 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийн адуунаас ганц нэг нь алга болох тохиолдол гарсан. Үүнд ажил олгогчийн хүү намайг буруутгаж, хөөж явуулсан. Ингээд 1.6 жил айлын туслах малчнаар ажилласны эцэст ямар ч цалин хөлс, малаар тооцсон орлогогүй тус айлыг орхиход хүрсэн” хэмээн ярьжээ. Ийнхүү албан ёсоор Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Учраас уг туслах малчин 1.6 жилийн хөдөлмөрөөрөө хохироод үлдсэн байна.
Баримт-2: ХЭҮК-ын судалгаанд дурдагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас “.... Би анх ажиллахдаа. цалин мөнгө тооцохгүй, малжуулахаар буюу 50 хонь авахаар тохиролцсон. Тухайн айлдаа гурван жил ажилласан. Цалингийн оронд тохирсон малаа авч чадаагүйгээс гадна мөнгө төгрөг ч аваагүй. Хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй учраас ямар ч нотолгоо байхгүй болохоор заргалдаагүй” хэмээн ярьжээ.
Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай уг хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар тусгасан бөгөөд “Туслах малчин” гэж үндсэн малчны дэргэд амьдарч, түүний удирдлага, хяналтын доор мал маллах, мал аж ахуйтай холбоотой бусад ажил эрхэлж цалин хөлс авахаар харилцан тохиролцон ажиллаж байгаа хүнийг ойлгоно хэмээн заасан юм. Ийнхүү аман тохиролцоо төдий явсан малчин, туслах малчдын хөдөлмөрийн харилцаа хуулийн шинэчлэлийн хүрээнд албан ёсны хөдөлмөрийн харилцаанд шилжиж, хэн хэнийх нь эрх үүргийг тодорхой болгож өгсөн юм. Мөн шинэчилсэн хуулийн хүрээнд ажил, хөдөлмөр хийж эхэлсэн л бол уг хуулийн хамгаалалтад орох нөхцөл бүрдсэн нь тус хуулийн бас нэг томоохон ололттой тал болсон юм.
Туслах малчид илүү цагийн хөлсөө тооцуулж, ээлжийн амралт авах боломжтой боллоо
Хөдөлмөрийн тухай хуульд 7 хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг хүртэл байхаар заасан. Гэвч туслах малчны ажил эхлэх, дуусах, өдөр ажиллах ажлын цагийн хугацааг урьдчилан тооцож тогтоодоггүй бөгөөд ажлын цагийн үргэлжлэл харилцан адилгүй байна. Туслах малчдын ажлын цаг нь улирлаас шалтгаалан ялгаатай байдаг. Өвлийн улиралд туслах малчдын ачаалал бага буюу 58.5 орчим хувь нь өдөрт 8 болон түүнээс бага цагаар ажилладаг бол хавар ачаалал өндөртэй буюу 82.5 хувь нь өдрийн 8 цагаас илүү цагаар ажилладаг байна. Туслах малчдын 40 хувь нь улирлын нөхцөл байдлаас шалтгаалж, 29.7 хувь нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ажлын цаг өөрчлөгддөг гэж хариулсан байна.
Баримт-3: Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай ХЭҮК-ын судалгааны ажилтаны хийсэн ярилцлагын үеэр тэрээр ийнхүү ярьжээ. “Туслах малчин хийгээд 3-4 жил болж байна. Өмнө нь нэг айлд туслах малчин хийдэг байхдаа үхэр, мал, гал тогооны ажил гэх мэтчилэн гэрт гадаагүй бүхий л ажилд нь тусалдаг байсан. Тэгсэн хэр нь үргэлж задрангуй, муухай харилцдаг байсан. Манай нөхөр адуунд нь яваад олоогүй ирвэл зодно, сандлаар цохино, намайг өглөөнөөс орой хүртэл гэрт оруулдаггүй. Байнга энэ тэрийг хий гэж зандарна. Тухайн айлын хүүхэд нь өвчтэй байсан болохоор хүүхдийг нь хүртэл хардаг байсан.
Баримт-4: Архангай аймгийн Их тамир сумын малчинтай хийсэн ярилцлагаас.... “...Үүрийн 5-6 цагт босч ажилдаа гараад 22-23 цагт гэртээ орж ирдэг. Өдөрт 17-18 цаг ажиллаж байна гэсэн үг. Амралтын өдөр огт байхгүй. Долоо хоногийн бүх өдөр ажиллана. Өвлийн хүйтэн, хавар мал төллөх үеэр өдөр бүр малд явах хамгийн хэцүү” гэжээ.
Түүнчлэн туслах малчдын 94.6 хувь нь долоо хоногийн өдөр бүр амралтгүй ажилладаг гэжээ. Жилийн хугацаанд туслах малчдын 12.4 хувь нь долоо хоногт 32 ба түүнээс бага цагаар, 3.8 хувь нь 32-40 цагаар, 83.6 хувь нь илүү цагаар ажилладаг байна. Туслах малчид амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласны нэмэгдэл огт тооцогддоггүйгээс эрх нь зөрчигддөг нь тогтоогдсон юм.
Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр амрах өдрүүдээр ажилласан тохиолдолд ажил олгогч нөхөж амраах эсвэл дундаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгох мөн илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох, нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар туслах малчины амралтын цагийг хуульд зааснаас өөрөөр тохирч болно. Гэхдээ ажил олгогч долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй гэдгийг тодотгож өгсөн байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахыг хориглоно
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны наймдугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2021 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон. Гэвч туслах малчид гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг ч, 250-400 мянга гаруй төгрөгийн цалин авдаг нь амьдралд нь хүрэлцдэггүй, зарим тохиолдолд цалингаа мөнгөн хэлбэрээр бус гурил, будаа, мал гэх мэт зүйлсээр орлуулан авах тохиолдол олон гардаг байна.
Баримт-5: ХЭҮК-ын судалгааны ажилтан Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ярилцлагад дурдснаар “.... Би тус айлд эхнэрийн хамт ажилладаг байсан. Сарын цалин 300 мянган төгрөг өгдөг байсан. Хүнс, хоол, хүнс, хувцас хунар гэх мэт өрхийн бүхий л хэрэглээгээ 300 мянган төгрөгөөрөө болгодог. Хонь хариулж байхад дөрвөн хонь алга болсон. Ажил олгогч дөрвөн хонио зах зээлийн ханшаар нь үнэлж цалингаас суутгаж байсан. Эхнэр бид хоёр хоёулаа зүтгэж байхад эхнэрт маань цалин бодож өгөх болов уу гэтэл нэг хүний цалингаар тооцоо хийдэг” гэжээ.
Судалгаанд оролцсон туслах малчдын 85.5 хувь нь бэлэн мөнгөөр, 57.9 хувь нь мал төлөөр, 27.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүнээр цалин хөлсөө тохиролцдог хэмээн хариулсан байна.
Судалгаанд хамрагдсан туслах малчид эд материал, мал төлөөр цалин хөлсөө авч байгаа ч үнэлгээг нь хэрхэн тооцож байгааг төдийлөн мэддэггүй байна. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар сарын цалинг тохирч болохгүй хэмээн заажээ. Харин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээшээ бол хөдөлмөрийн хөлсийг тэд дахин нугалж төлөхөөр тохирч болохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл туслах малчнаар ажиллаж байгаа иргэн өөрийн хөдөлмөрийг хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр тооцож цалингийн үнэлгээгээр бодож, тооцсон эд материал, мал, хоол хүнс нь зах зээлийн ханшаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрч байгаа эсэхэд хяналт тавих бүрэн боломжтой. Хэрэв хөдөлмөрийн хөлсний хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол холбогдох хууль шүүхийн байгууллагад хандаж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой юм. Мөн туслах малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 70 хувийг заавал бэлэн мөнгөөр, 30 хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болох хуулийн зохицуулалт бий. Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтэй худалдах бараа, бүтээгдэхүүн олгохыг хориглосон зохицуулалт байгааг анхаарна биз ээ.
Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн, сэтгүүлч П.Батзаяа
2021-12-20