Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Нийтлэлч Т.Баярбат: Шүүхийн ил тод байдлыг бэхжүүлэх үйл явц


Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг алдагдуулдаг хүчин зүйл нь зөвхөн улс төрийн нөлөө гэж үзвэл өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл шүүх засаглал дахь улс төрийн нөлөө буюу гадаад нөлөөнөөс гадна шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлдөг “дотоод нөлөө” гэж байдаг. Бүх шатны шүүхийн шүүгч болон ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тусгайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хувиарлах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг шүүх засаглалын бие даасан байдалд хөндлөнгөөс сөрөг нөлөө үзүүлдэг “дотоод нөлөөлөл” гэж ойлгож болно.

Тэгвэл Шүүхийн шинэчлэлийн хүрээнд энэхүү дотоод нөлөөллийг арилгахын тулд ямар өөрчлөлтүүд хийгдсэн бэ?

  • Ерөнхий шүүгчийн эрх мэдлийг танах
  • Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг боловсронгуй болгох
  • Шүүхийг илүү цахимжуулах
  • Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах
  • Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ил тод болгох

Дээрх үндсэн зарчмууд нь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр хэрэг, маргааныг шийдэх боломж бололцоог бүрдүүлэхэд чиглэгджээ. Сүүлийн жилүүдэд шүүхийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгоход чиглэсэн олон алхам хийгдсэний нэг нь шүүхийг цахимжуулах үйл явц байв. Шүүх цахимжсанаар аль шүүгчид, ямар хэрэг маргааныг шийдвэрлэхийг ерөнхий шүүгч биш олон улсын стандартад нийцсэн програм хангамж шийддэг болсон нь шүүхийн шинэчлэлийн нэг томоохон ахиц дэвшил болсон гэдэг дээр олон хүн санал нийлдэг байна.

Нийт шүүгчдийн чуулганы хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 11 өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтад зааснаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг тогтоохдоо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын заалтуудад тусгагдсаны дагуу дараах зарчмыг баримтална гэж заажээ. Үүнд:

  1. Урьдчилан мэдэх боломжгүй
  2. Тойрог дотор санамсаргүй тохиолдлоор
  3. Ачаалал тэнцвэржүүлэх
  4. Хуваарилагдсан болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй
  5. Хүний нөлөөллөөс ангид
  6. Ил тод
  7. Баримтжуулсан байх
  8. Шуурхай байх

Дээрх найман зарчмаар хэрэг маргаан хянан шийдэгддэг болсноороо ямар хэргийг хэн гэдэг шүүгчээр шийдүүлэх вэ? гэдгийг хэн нэгэн хүн хөндлөнгөөс зохицуулах ямар ч боломжгүй болсон юм. Энэ тогтолцооны эхлэл 2017 оноос бүрэлдэж эхэлжээ. Түүнээс гадна нэг шүүгчид маш олон хэрэг маргаан оногдож, шүүгчийн ачааллыг хэт ихэсгэхгүй болсноор хэрэг маргаан хянан шийдвэрлэх хугацаа удаашран, сунжирч цаг ихээр алддаг байдал эрс багассан байна.

Мөн шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бий болсон нэгэн чухал зүйл нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэгджээ. Тухайлбал ижил төстэй хэргүүд дээр шүүхээс төстэй ял оноохыг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэж ойлгож болно. Жишээлбэл яг нэг ижил төрлийн хэрэг дээр нэг аймгийн шүүх хөнгөн ял оноогоод өөр нэг аймгийн шүүх хүнд ял оноож огтхон ч болохгүй гэсэн үг Монгол улс бол нэгдмэл улс тиймээс манай улсын аль ч нутаг дэвсгэр дээрх шүүх ижил төрлийн хэрэг дээр ижил төстэй шийдвэр гаргах ёстой. Энэ байдал зөрчигдвөл дээд шүүх талуудын гомдлын дагуу үүнийг таслан зогсоож, засах үүрэгтэй. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Дээд шүүх ердөө 3 үндэслэлээр л хэрэг маргааныг хүлээн авах болсон юм. Шинэчилсэн найруулга хийгдсэн шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн 2021 оны 3 сарын 1 өдрөөс өмнө дээд шүүх маш олон тооны гомдлыг хүлээн авч шийддэг байсан бөгөөд тэдний дийлэнх олонх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй ижил гардаг байсан нь шүүхийн үйл ажиллагааны процессыг удаашруулах нэг том шалтгаан болдог байжээ.

Оюуны-инноваци ТББ-аас шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зарим зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн мониторингийн дагуу 2021 оны 3 сарын 1 өдрөөс 2021 оны 12 сарын 3 ны өдөр хүртэлх хугацаанд Дээд шүүхэд гаргасан гомдлын хэдийг нь үндэслэлтэй гэж үзэн, хүлээж авсныг эрүү, иргэн болон захиргааны хэргийн гомдлоор нь тус бүрчлэн ангилсныг доорх хүснэгтээр үзүүллээ.

Дээд шүүхэд гаргасан гомдол /шүүн таслах ажиллагааны төрлөөр/

Гаргасан гомдлын тоо

Дээд шүүхээс үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч шийдсэн гомдлын тоо болон  нийт гаргасан гомдолтой харьцуулах хувь

Иргэний хэрэг

826

45

5.4 %

Захиргааны хэрэг

300

37

12.3 %

Эрүүгийн хэрэг

440

71

16.1 %

 

Энэхүү хүснэгтээс харахад анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглээгүй, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан гэдэг нь харагдаж байна. Бүх хэргийг дээд шүүх хүртэл маргалдах боломжтой байх үед анхан болон давж заалдах шатны шүүхийн ач холбогдол бүдгэрч байсан юм. Тиймээс өмнө нь хэрэг маргаан дээд шүүх хүртлээ явж удааширдаг тухайн хэргийн цөөхөн оролцогчдод ашигтай дийлэнх олонход нь ашиггүй тэд ихээхэн цаг хугацаа, сэтгэл санаа болон санхүүгийн багагүй хүндрэлтэй нүүр тулдаг байдал үүсдэг байсныг засахад энэхүү шинэчилсэн найруулга үр дүнтэй болсны нэг нотолгоог дээрх хүснэгтээс харж болохоор байна.

Одоо шүүх бүрэлдэхүүнийг сонгох процессын асуудал уруугаа оръё. Шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын 4.6-д заасны дагуу хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох програмын ажиллагаа, програм дээр хийгдсэн үйлдэл бүрийг дүрс бичлэг хийх бөгөөд програмд хандсан хэрэглэгчийн эрх, үйлдлийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл нь хадгалагдаж, тэдгээрт хөндлөнгийн хяналт хийгдэх боломжтой тул цахим системээс аль нэгэн шүүхийн мэдээллийн ажилтан эсвэл шүүгч хөндлөнгөөс өөрчлөлт хийж, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх ямар ч боломжгүй юм. Гэхдээ иргэд олон нийт цахим систем болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам практик дээр шударга явж байгаа эсэхэд эргэлздэг тохиолдол гардаг. Иргэн хүнд програм хангамжийн аюулгүй, найдвартай байдалд хардах эрх бий ч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүүхийн хараат бус тогтолцоо өндөр төвшинд хөгжсөн дэлхийн хөгжингүй орнуудад хэрэгждэг шүүхийн програм хангамжийн системийг шүүхийн шинэчлэлийн хүрээнд нутагшуулсан нь шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэх, ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлдэг эрх зүйн тогтолцоонд дэвшилтэт технологийг ашигладаг барууны сайн жишээ болсон байна. Шүүхийг цахимжуулах төсөл дээр ажиллаж байсан нэгэн програмист хэлэхдээ “Энэхүү шүүхийн програм хангамжийн систем нь хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, хөндлөнгийн нөлөөллийн бүх боломжуудыг хааж өгсөн байдлаар програмчлагдсан нь гадаад улс орнуудад олон жил туршигдсан тул найдвартай байдал дээр итгэж болно” гэдгийг онцолсон юм.

Хэрэв иргэн хүн түүний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шударга бус хуваарилагдсан гэж үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл эсвэл тухайн шүүхийн захиргаанд хандаж шүүх бүрэлдэхүүнийг хуваарилсан цахим системийн процессыг ухрааж, ахин шалгуулах хууль эрх зүйн хувьд бүрэн эрхтэй.

Тэгэхээр иргэдийн энэхүү системд итгэхгүй байгаа эргэлзээг тайлахын тулд шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг өрөө болон ажлын компьютерийн дэлгэцийг хянах хяналтын камер суурилуулж хүний эрх зөрчихөөсөө илүүтэй яг тухайн хэргийн шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй системээр оноох үед тухайн иргэнийг байлцуулан шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох процессыг харуулах нь хамгийн чухал бөгөөд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал алхам болох юм. Хэрэв олон оролцогчтой хэрэг маргааныг хянах шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох тохиолдолд тухайн иргэнд хамааралтай мэдээллийг л түүнд харуулж, бусад иргэдийн хувийн мэдээллийг өөрөөс нь бусдад харуулахгүй байдлаар хянуулж, шалгуулаад яг шүүх бүрэлдэхүүнийг сонгох үед тэдэнд нээлттэй байдлаар сонгох процессыг бий болгох тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн сайн нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх алхам болно гэж олон нийт үзэж байна.

Тэгвэл яаж энэ тогтолцоог бүрдүүлэх вэ?

Хэрэг маргааныг хянах шүүх бүрэлдэхүүнийг сонгох үед шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтний компьютерийн дэлгэцийг тухайн хэрэг маргаантай холбоотой иргэдэд зэрэг харуулдаг (screen sharing) нэмэлт дэлгэц суурилуулах хууль эрх зүйн орчныг л бүрдүүлэхэд энэ тогтолцоо бий болох бүрэн боломжтой болж байна. Хэрэв энэ эрх зүйн орчин бүрдвэл шүүх бүрэлдэхүүнийг сонгох процессыг шүүх хуралдаанд оролцогч талуудад нээлттэй, ил тод харуулдаг нэмэлт дэлгэцүүдийг л худалдан авах шаардлага үүснэ.

 

Тэгэхээр эдгээр дэлгэцүүдийг нэг худалдаад авсан байхад хэдэн арван жил хэрэглэгдэх боломжтой бөгөөд хяналтын камерууд худалдаж авах, түүнийг хянах ажилтны ажлын хөлс, камеруудын тогтмол ажиллагаагаар хангахад шаардлагатай эрчим хүчний зардал зэрэгтэй харьцуулахад өчүүхэн бага зардал гарах юм. Шүүхийн мэдээлэл технологийн ажилтнуудын шүүхийн програмын систем рүү орж шүүх бүрэлдэхүүнийг сонгох процессыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүрэн хянаж байгаа тохиолдолд заавал хяналтын камерууд суулгаж ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулсан ажил хийхийн оронд ердөө нэмэлт дэлгэцүүд худалдан авч шүүхүүдэд суурилуулахад л энэ олон асуудал шийдэгдэх боломжтой болно.

Тэгэхээр шүүхийн ил тод байдлыг улам бэхжүүлэх, иргэдийн шүүхэд итгэх  итгэлийг нэмэгдүүлэхийн тулд энэ аргыг хэрэглэхийг иргэд төдийгүй шүүгчдийн дундаас ийм санал гарах болоод байгааг бөгөөд хууль тогтоогчид болон Шүүхийн ерөнхий зөвлөл энэ асуудлыг анхааралдаа аван ажил хэрэг болгох нь шүүхийн бие даасан, хараат бус байдлын баталгааны нэг томоохон хэмжүүр болохоос гадна иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх чухал алхам болох юм.

Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн Төгсөгчдийн холбооны гишүүн Т.Баярбат

2021-12-24