БНМАУ-ын маршалын нэрээр нэрлэгдсэн Чойбалсан сум Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 55 километрийн зайд оршдог. Нийт хүн амын тоо 2725, 4 багтай. Түүнээс 1 баг нь сумын төвдөө суурин амьдардаг. Үлдсэн 3 баг нь малчин өрхүүдээс бүрддэг аж.
Мөн өмнө нь сумынхантай хийсэн уулзалтаар иргэд болон удирдлагын зүгээс хамгийн их тулгамдаж буй асуудлаар ундны усны асуудлыг нэрлэж байсан учир энэ талаар мэдээлэл авах зорилгоор худгууд дээр очин, бодит байдалтай танилцсан юм.
Сумын төвд нийт 5 худагтай. Тэдгээрээс 1 худаг нь шүүлтүүртэй бусад 4 худаг нь зөвхөн ахуйн хэрэгцээнд ашиглах зориулалттай ч ойр хавийн иргэд ундандаа хэрэглэдэг талаар ярьж байлаа. “Шүүлтүүртэй худгаас тэр болгон ус аваад байдаггүй ээ. Ойрхон худгийн уснаасаа л ундандаа хэрэглэдэг. Буцалгахад хөөсөрч цагаан тунадас үүсдэг, савны дотор тал харладаг. Шүүлтүүртэй худгийн ус ч гэсэн хөөсөрдөг шүү дээ” гэж нутгийн иргэн ярьсан юм. Харин малчдыг ямар ус ундандаа хэрэглэдэгийг асуухад “ Малынхаа уудаг усыг л уудаг шүү дээ. Худгийн ус барагтай хэрэглэдэггүй ээ” гэж хариулсан юм. Чойбалсан сумын ус хүхэр үнэртдэг аж. Харин саванд хийгээд 7 хоноход савны дотор тал харласан байдаг талаар иргэд ярьж байв.
2018-04-15