“Иргэдийн оролцоо II” төсөл, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” хэлэлцүүлгийг 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр Монголын хуульчдын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчид оролцсон бөгөөд хүүхдийн өсөж хөгжих, боловсрох, амьдрах аюулгүй орчинг бий болгоход төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчдийн оролцоо, хууль, эрх зүйн боломжийн талаар хэлэлцэж, салбарын төрийн бус байгууллагууд, про-боно хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч нар хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуульч, судлаач Х.Номингэрэл ажилласан бол Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч П.Баттулга “Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь: Хүүхдийн эрх” сэдвээр, “Отгонтэнгэр” их сургуулийн багш Д.Эрдэнэчимэг “Хүүхдийн өмчийн асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн хүүхдийн эрхийн талаар тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын дунд хэлэлцүүлж, хүүхдийн эрхийг хамгаалахад хуульч, өмгөөлөгчид төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон юм. Хэлэлцүүлгийн дүнд зохион байгуулагчдын зүгээс сонирхсон хуульчид болон Төрийн бус байгууллагуудын дунд мэдээллийн сүлжээг бий болгохоор шийдвэрлэсэн юм.
2018-07-06