Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/-ийн 16 дугаар зүйлд "10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй..." хэмээн заасан байдаг.
ХЗДХЯ, ШХА-ийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл 2017 оны 11 дүгээр сараас Дорнод аймгийн Чойбалсан суманд удирдлагын шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дэд төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд сайн дураар нэгдсэн сумын 15 сургагч багш нарын бүлгэмийг байгуулж, Хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын иргэний оролцооны хууль эрх зүйн орчин, тогтвортой хөгжлийн зорилтууд болон хамтын манлайлал зэрэг сэдвээр хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулсан юм.
2018 оны 9 дүгээр сард бүлгэмийн сургагч багш нар эвлэлдэн нэгдэж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу "Иргэдийн оролцоо II" төслөөс Чойбалсан суманд 2018 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд төрийн бус байгууллага /ТББ/, түүний төрөл, хууль эрх зүйн орчин, төсөл бичих арга зүйн талаар онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ТББ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "2/”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;" хэлнэ хэмээн тодорхойлсны дагуу энэ чиглэлийн ТББ-ын ялгаа, туршлага, сорилт зэргийн талаар түлхүү мэдээлэл өгч ажилласан юм. Сургалтад хуульч, судлаач Д.Дэлгэрзаяа, Х.Номингэрэл, төсөл бичих арга зүйн чиглэлээр Х.Тодцэцэг багш нар хамтран ажиллаа.
2018-10-20