Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нь" Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа


НҮБ-аас 2015 оны 9 дүгээр сард дэлхий нийтээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг баталсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэг, гачигдалыг арилгаж, чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах тэгш боломж бүрдсэн, зохистой ажлын байраар хангагдсан дэлхий ертөнцийг бий болгоход оршиж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь нэг ч хүнийг орхигдуулахгүйн зэрэгцээ хамгийн эмзэг нөхцөлд байгаа хүмүүсийг нэн тэргүүнд хамруулахыг зорьж байгаагаараа онцлогтой юм. 

Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжлийн Ази Номхон далайн форум (APWLD) -ын Хөгжлийн шударга ёс хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр Монфемнет Үндэсний Сүлжээ болон Хүний эрх хөгжил төв хамтран Тогтвортой хөгжлийн зорилго -2030 хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд үнэлэх ажлыг зохион байгууллаа. Төслийг хэрэгжүүлэхээр Хүний эрх хөгжил төвийн санаачилгаар байгуулагдаад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй "Мөнгөн хуримтлалын бүлгийн холбоо" (МХБХ)-дод түшиглэн Дорнод, Хэнтий аймаг, Дорнод аймгийн Баяндун сум гэсэн 3 нэгжийг сонгон авсан байна. 

Төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлогод дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг үнэлэх, үр дүнг орон нутгийн захиргаа, олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэхэд аргазүйн дэмжлэг үзүүлж, чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2 удаагийн семинарыг зохион байгуулж, МХБХ-ын гишүүд, аймаг сумдын холбогдох төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдийг хамруулж, МХБХ, Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын төлөөллөөс бүрдсэн 3 ажлын хэсгийг байгуулсан. 

Ажлын хэсгүүд нь ТХЗ 1 болон ТХЗ 8-ын хүрээнд аймаг, сумдын мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зохистой ажлын байрыг бий болгоход тулгамдаж буй асуудлыг орон нутгийн захиргаатай хамтран шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, цаашид иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн өсөлтийг хангахад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сангууд, түүний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийхэд хамтран ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-325721 утсаар лавлана уу.

2019-01-21