Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


СҮҮЛИЙН ҮЕД НАДАД АШИГГҮЙ БОЛ БИ ОРОЛЦОХГҮЙ ГЭСЭН ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАН ДАВАМГАЙЛААД БАЙНА


ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭН П.СЭДБАЗАР

Манай сумын хамгийн идэвх сайтай, иргэдийн оролцоо сайтай хурал багийн дарга сонгох, иргэдийн хурлын даргаа сонгох байдаг. Энэ хуралд иргэд өндөр ирцтэй байдаг. Түүнээс бусад хуралд иргэдийн ирц маш хангалтгүй. Хурлынхаа зарыг авдаг. Тэгсэн мөртлөө ирж оролцдоггүй, ирц нь хүрдэггүй. Зарим иргэдийн хурлын дарга нар нь “Би яаж хурлаа ирц өндөртэй болгох вэ” гээд толгойгоо гашилгаж байна. Ямар нэгэн идэвхтэй залуу сум орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлын талаар сумынхаа удирдлагуудад санал бодлоо хэлэхэд “За энэ явж л байдаг, ярьж л байдаг” гэх байдлаар  хүлээж авдаг. Тэгтэл иргэдийн оролцоо нэмэгдээд илүү олуулаа болоод “Бид багийнхаа хурлаар хэлэлцээд, сум орон нутагтаа  ийм ажил хийе гэж шийдлээ. Энэ асуудлыг ингэж шийдмээр байна. Сумынхаа төсөвт энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр тусгамаар байна” гэх мэтчилэн санаа оноогоо хэлэхэд  илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед надад ашиггүй бол би оролцохгүй гэсэн хувиа хичээсэн зан давамгайлаад байна. Сонгуулийн үеэр ч юм уу цуглаан зохион байгуулахад нэгж, мөнгө тараах сургаар эсвэл үр хүүхэд, ах дүү нартаа ажил гуйх гэх мэт зорилгоор хүмүүс их очдог. Багийн ИНХ бол өөрсдийнхөө өдөр тутамдаа тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэх хурал юм гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Би энд суусан ч суугаагүй ч энэ ажил явдгаараа явна гэсэн үүднээс ханддаг. Тиймээс бусдыгаа манлайлан үлгэрлэн дуурайдаг, үр дүнг нь харуулж чаддаг иргэд олон болвол иргэдийн хандлага өөрчлөгдөж оролцоо нэмэгдэнэ гэж боддог.

Эх сурвалж: "Ардчилал Таймс" 

Бэлтгэсэн: П.Батзаяа

2019-03-05