Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төслөөс санаачилан "Нийтийн эрх ашиг ба сэтгүүлчид" сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт 2019 оны 3 дугаар сарын 23-ны Бямба гарагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот Хуульчдын танхимд болох ба сургалтад хуульчид, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, туршлагаа хуваалцах юм.
Өмнө нь "Иргэдийн оролцоо II" төслөөс санаачилан "Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь" сургалтыг 2017, 2018 онуудад нийслэлийн болон 21 аймгийн иргэний нийгмийн төлөөллийн дунд зохион байгуулж байсан юм.
Сургалтын үеэр 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нийтийн ашиг сонирхлыг доорхи 4 асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хамгаалах хуулийн зохицуулалтыг бодит кейс дээр тулгуурлан тайлбарлах юм.
1. Хүрээлэн байгаа орчин
2. Нийтийн өмч
3. Нийтийн эрүүл мэнд
4. Хүүхдийн эрх
Энэхүү сургалт нь төр, иргэний нийгэм, иргэдийн хоорондын гүүр болсон сэтгүүлчдэд хуулийн тодорхой мэдлэг олгох, цаашид энэ чиглэлээр иргэдэд үндэслэлтэй мэдээлэл бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
2019-03-22