Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


“JCI Менторшип” төслийн шилдэг оролцогч Итали, БНХАУ-д тэтгэлэгээр суралцана  


“JCI Монгол” олон улсын залуучуудын байгууллагын “JCI Mentorship” төслийн нээлтийн үйл ажиллагаа 3 сарын 20-ны өдөр боллоо.  Уг төсөл нь “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”-д үндэслэн их дээд сургуулийн төгсөх курсийн оюутнуудыг Ментороор дамжуулан хувь хүний болон ажил мэргэжлийн карьерээ хөгжүүлэхэд туслах зорилготой юм.

Монгол Улсад 20-25 насны залуусын хөдөлмөр эрхлэлт муу байгааг олон стастик судалгаа харуулдаг.  Судалгаанаас харахад жил бүр дунджаар 35,000 оюутан их дээд сургууль төгсдөг ч дөнгөж 32% нь төгссөн мэргэжлээрээ ажлын байртай болдог гэсэн тоон үзүүлэлт байна. Нөгөө талд ажил олгогч нарт чадварлаг боловсон хүчний хэрэгцээ өндөр байдаг.

JCI Централ салбар байгууллага нь эдгээр хэрэгцээ шаардлагыг олж харан “JCI Mentorship” төслийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорин ажиллаж байна. 2019 оны хувьд салбартаа манлайлан ажиллаж буй 24 менторыг урин, “Ажлын байран дахь хувь хүний онцлогийг тодорхойлох үнэлгээ”-гээр баталгаажсан чадварлаг 28 мэнтийг шалгаруулан төсөлдөө хамруулжээ.

Шалгарсан 28 мэнтий нь хоёр сарын хугацаанд Менторуудын заавар зөвлөгөөг даган сурч боловсорч, хөгжих бөгөөд мэргэжлээрээ ажилд орох боломж бүрдэх юм. Мөн шилдгийн шилдэг нэг оролцогч БНХАУ болон Итали улсад тэтгэлгээр Магистрт суралцах боломжтой юм байна.

Төслийн менторууд нь хоёр сарын турш өөрсдийн ажил мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, туршлага мэдлэгээсээ хуваалцан шинэ шилдэг залуу үеэ бэлдэхэд хувь нэмрээ оруулах юм.  Харин оролцогчдын хувьд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа нь төслийн давуу тал гэдгийг зохион байгуулагчид онцлож байлаа.

                                                                                                                                               

“JCI Mentorship” төслийг JCI Централ салбар байгууллага санаачлан Golden Alp Group болон Аpec Center ивээн тэтгэсэн байна. Мөн Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар, Монголын Оюутны Холбоо, Карьер хөгжлийн төв, Smart Brokers ХХК болон CRM ХХК хамтран хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч, ажил горилогч нарын хооронд үүсээд байгаа зааг зөрөөг уулзуулах гүүр болохоор зорин ажиллаж байгаа аж.

 

Доорх хаягаар төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

https://www.facebook.com/jcimentorship/

jcimentorshipprogram@gmail.com

.

 

 


 


 

2019-03-23