Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Сэтгүүлчид бол хүний эрхийн хамгаалагчид юм


ХЗДХЯ, ШХА-ийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төслөөс санаачлан сэтгүүлчдийн дунд "Нийтийн эрх ашиг ба сэтгүүлчид" сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад хуульчид, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, туршлагаа хуваалцсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нийтийн ашиг сонирхлыг  1. Хүрээлэн байгаа орчин 2. Нийтийн өмч 3. Нийтийн эрүүл мэнд 4. Хүүхдийн эрх гэсэн 4 тодорхой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эрхээ хамгаалах хуулийн зохицуулалтыг бодит кейс дээр тулгуурлан тайлбарласан юм. 

Сургалтын үеэр Монфемнет үндэсний сүлжээ ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Дондов "Сэтгүүлчид бол хүний эрхийн хамгаалагчид билээ. Тийм ч учраас аливаа хуулийн талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд түгээж, иргэдэд эрхээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэсэн юм. Харин "MONLAW" хуулийн нөхөрлөлийн хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадас "Нийтийн эрх ашгийг хамгаалан шүүхэд нэхэмжлэхэд үргэлж багаар ажиллах шаардлагатай байдаг. Үүнийг бид стратегийн өмгөөлөл гэж нэрлэдэг. Үүний нэг багт байх ёстой зүйл бол мэргэшсэн сэтгүүлчид бөгөөд үнэн бодит мэдээлэл хүргэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад хамгийн их хэрэгтэй юм." хэмээсэн юм.

 

Бэлтгэсэн Г.Төгөлдөрзаяа

"Иргэдийн оролцоо II" төслийн нэгж

2019-03-25