Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Гэрэл зургийн уралдаан зарлагдлаа


“Иргэний оролцоо миний дуранд”

 гэрэл зургийн уралдааны удирдамж

Нэг. Үндсэн мэдээлэл

Төрөөс аливаа бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэд оролцсоноор, төрийн байгууллагын бодлого, шийдвэр үр дүнтэй хэрэгжих боломжтой болно. 

Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах арга замыг дараах байдлаар ангилж болно. Үүнд:

·         Шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн идэвхтэй оролцоо

Аливаа шийдвэрийг иргэд өөрсдөө, шууд, идэвхтэй оролцооны дүнд гаргах, эсхүл байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа заавал иргэдийг татан оролцуулж хэлэлцүүлэх, санал бодлыг сонсох (Жишээлбэл УИХ-ын болон ИТХ-ын сонгуульд саналаа өгөх, Улаанбаатар хотын утааны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргах);

·         Иргэдийн зөвлөлдөх оролцоо

Төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт иргэн, нийгмийн бүх талын байр суурь, оролцоо, санал, санаачилгыг харгалзан үзэж тусгах, иргэд саналаа гаргаж шийдвэрлүүлэх боломж олгодог (Жишээлбэл сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга, хэлэлцүүлэгт оролцох);

·         Иргэдийг мэдээллээр хангах

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах, иргэдэд зохих мэдээлэл түгээх, үйл ажиллагаагаа таниулах үүрэг. Иргэдийг тогтмол мэдээллээр хангах нь иргэд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоход чухал нөлөөтэй (Жишээлбэл Хууль зүй, дотоод хэргийн яам гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах үүрэгтэй);

·         Хяналт тавих

Иргэн төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бий болгох, эрх зүйн зөрчлөөс сэргийлэх, үр дагаврыг нэн даруй арилгахад чухал үүрэгтэй. (Жишээлбэл иргэд, төрийн бус байгууллагууд өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанарт олон нийтийн хяналт тавьж, зөрчлийг арилгахыг шаардаж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй);

·         Бусад

Иргэний санаачилгыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зэрэг байдлаар илэрдэг. (Жишээлбэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болон илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллагын ажилтныг урамшуулна).

Хоёр. Зорилго

Энэхүү уралдааны зорилго бол  иргэдийн оролцооны өдөр тутмын жишээн дээр (ядуурлыг бууруулах, хүчирхийллийн эсрэг, байгаль орчныг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах, нийтийн өмчийн хамгаалах гэх мэт) тулгуурлан иргэдийн оролцооны боломжууд, түүнийг бодитой хэрэгжүүлэх арга замыг харуулах, таниулах юм. Мөн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд иргэн бүрийн болон хамтын идэвхтэй оролцоонд уриалах, иргэний оролцоог дэмжих юм.

Гурав. Зохион байгуулагч

Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо II” төсөл.

Дөрөв. Оролцогчид

 

Гэрэл зураг сонирхогчид (хүссэн хүн бүр оролцох боломжтой, насны болон мэргэжлийн хязгаар байхгүй).

 

Жич: Уралдаанд багаар оролцох боломжгүй гэдгийг анхаарна уу.

 

Тав. Хугацаа

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16.30 дуустал цаг хүртэлх хугацаанд  уралдаанд ирүүлэх материалыг доорх хаягаар эсвэл b_khulan@legalinstitute.mn цахим хаягаар хүлээн авна.

 

Шуудангийн хаяг:

“Иргэдийн оролцоо II” төслийн нэгж

Хууль зүйн үндэсний хүрээлэн, 206а тоот өрөө

Улаанбаатар, Монгол Улс

Утас: +976-7000 8688

Зургаа. Гэрэл зурганд тавигдах шаардлага: 

·         Чөлөөт сэдэвтэй эсвэл ядуурлыг бууруулах, хүчирхийллийн эсрэг, байгаль орчныг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах, нийтийн өмчийн хамгаалах гэх мэт тодорхой асуудлыг шийдвэрлэхэд  иргэдийн оролцоо

·         Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу JPG формат руу хөрвүүлсэн байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна

·         Уралдааны зорилго, сэдэвт нийцсэн байх 

·         Уран сэтгэмжит бүтээл байх

·         3-5 цуврал зураг байна

·         Асуудалд иргэдийн оролцооны сэдвийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой байх

·         Ёс зүйн нийтлэг хэм хэмжээг баримталсан байх /соён гэгээрүүлсэн, эерэг хандлагыг илэрхийлсэн байх/

·         Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх

·         Бүтээлд бүх төрлийн программ, техник, технологийн дэвшлийг ашигласан байж болох

·         Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд байгууллагын эрхийг зөрчөөгүй, тэдгээрийн эзэмшлийнх биш байх

·         Гэрэл зураг нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй, хүчирхийлэл, садар самуун, өдөөн хатгалга агуулаагүй байх

·         Гэрэл зургийн нэр, 250-500 үгтэй зургийн утга, нөхцөл байдал, ач холбогдлыг тайлбарласан бичвэр

·         Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх

·         Уралдаанд оролцох бүтээлийн тоог хязгаарлахгүй

Долоо. Уралдааныг шалгаруулах комисс

Уралдаанд ирүүлсэн материалыг зохион байгуулагч тал, мэргэжлийн гэрэл зурагчдын төлөөллийг оролцуулсан 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс, энэ удирдамжаар тогтоосон шалгуураар үнэлж,  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тодруулж, шалгарсан ялагчдыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Facebook хуудсаар мэдээлнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг төслийн нэгжид үлдээх ба цаашид сургалт, сурталчилгаанд ашиглах болно. Уралдаанд түрүүлсэн бүтээлүүдийг өдөр тутмын сонин, цахим хуудсуудад нийтэлж, олон нийтийн сүлжээгээр түгээхээс гадна шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, шийдвэр гаргагчдын түвшинд нээлттэй хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна.

Найм. Уралдааныг дүгнэх шалгуур

Уралдаанд ирүүлсэн гэрэл зургуудыг доорх шалгуураар үнэлж байр эзлүүлнэ:

1.    Гэрэл зургийн утга санаа, зохиомж

2.    Бүтээлч байдал, зурагчны ур чадвар /агуулгыг сонирхолтой, бүтээлч байдлаар илэрхийлэх/

3.    Дээрх гэрэл зурганд тавигдсан шаардлагад нийцсэн байх

4.    Like&Share /Уралдаанд оролцогчдын ирүүлсэн гэрэл зургийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагаас төслийн Facebook /Иргэдийн оролцоо төсөл/ хуудсанд байршуулж ялагчдыг тодруулах хүртэлх хугацаанд цуглуулсан like болон share-ийн тоог үнэлгээний тодорхой хувьд оруулан тооцно/

Ес. Шагнал  

Нийт шагналын сан 3 750 000 төгрөг.

1-р байр: 1 500 000 төгрөг

2-р байр: 1 000 000 төгрөг

3-р байр:  500 000 төгрөг

Тусгай шагнал /нийт 3/: тус бүр 250 000 төгрөг

 

2017-11-06