Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Сургуулийн танхимаас сумын хөгжилд


2019 оны 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжсэн төслүүдтэй танилцах завшаан тохиосноор Өвөрхангай аймгийн Бүрд, Хайрхандулаан суманд очлоо.

Хавар цаг болоод ч тэр үү, салхи, шороо ихтэй, элсээр шуурсан өдрүүд байсан ч сумын сургуулийн танхимд дулаан уур амьсгал, ойлголцол, хүндлэл дүүрэн хамт олон биднийг угтсан юм.

Хамгийн эхэнд төслийн баг Улаанбаатар хотоос 344, Өвөрхангай аймгийн төвөөс 136 км зайд орших Бүрд сумыг зорьсон. Бүрд сум 820 өрх, 3018 хүн амтай. 365 суралцагчтай 1-12 жилийн бүрэн дунд 1 сургуультай. 2017 онд “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж дууссан ч сумын удирдлага, сургуулийн захиргаа, эцэг эхчүүд төслийн үр дүнг улам сайжруулан үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа нь өндөр нь сэтгэгдэл төрүүлсэн юм.

Анх төсөл хэрэгжиж эхлэхэд сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн харилцаа муу, хамтын ажиллагаа нь эцэг эхийн хурлаас цаашгүй байж. Харин төслийг хэрэгжүүлж эхэлснээр өмнө нь хүүхдийнхээ сурлага, мэргэжил сонголтод л илүү анхаарч, сургалтын орчин, дотуур байрны нөхцөл, аюулгүй байдал зэргийг зөвхөн сургуулийн асуудал мэтээр хардаг байсан эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгдөж, хүүхдийнхээ сургуулийн үйл ажиллагаа, төлөвлөлтөд оролцож эхэлсэн байна.

Ингэснээр хүүхдийнхээ сургууль, гэр 2-ын хооронд явдаг замд таарч болох эрсдэл, идэж буй үдийн цайны чанар, дотуур байрны нөхцөл байдал гээд олон зүйлийн талаар сургуулийн захиргаа, ангийн багш нар, хүүхдүүтэйгээ хамтран оролцож, төлөвлөгөө гаргаж, бас шийдвэрлэдэг болжээ.

Бүрд суманд хэрэгжсэн нэг сайн туршлага бол гамшгийн үед ашиглах зориулалттай сумын мэдээллийн сувгийг эцэг эхчүүдэд мэдээлэл түгээх арга хэрэгсэл болгон ашигласан нь бүтээлч санаа байсан юм. Мөн тэд сумын цагдаа, эмнэлэг, сумын захиргаатай хамтран үйл ажиллагаа явуулдаг байна. Жишээ нь, Төрийн албан хаагчид өөрсдийн хийдэг ажил, мэргэжлийн талаар ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулдаг болсноор тэдний мэргэжил сонголтод нөлөөлөх төдийгүй тухайн Төрийн албан хаагч өөрөө илүү чадавхжих давхар ач холбогдолтой ажил болжээ.

2 дахь өдөр төслийн баг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын сургуулийг зорьсон юм. Энэ сургууль “Аавуудын оролцоот сургууль” болсноороо онцлог бөгөөд Морьтон аавуудын хөгжлийн төвийг байгуулжээ.

Хайрхандулаан сум 3517 хүн амтай. 1-12 ангийн 433 сурагчтай, үүнээс 288 нь малчин айлын хүүхэд сурдаг. Аймгийн төвөөс 70 км зайд ойрхон оршдог сум тул иргэд хүүхдээ аймгийн төвийн сургуульд явуулдаг асуудалтай нүүр тулж яваа сум. Тийм ч учраас хүүхдүүдээ сумынхаа сургуульд сурдаг болгохын тулд илүү анхаарч ажиллаж байгаа нь харагдсан юм.

Төслийн эхний шатанд тэд тулгамдаад буй асуудлаа тодорхойлоход хамгийн түрүүнд аавуудын эцэг эхийн хуралд оролцох оролцоо бага байгааг олж тодорхойлжээ. Ингээд аавуудыг оролцуулахын тулд спорт өдөрлөгийг зохион байгуулж, бага багаар сургуулийн үйл ажиллагаатай танилцуулж эхэлсэн байна. Ийнхүү бүлэг бүрээс 2 аавыг хамруулж, 36 аавыг сургалтад хамруулж, хяналтын багийг байгуулжээ. Энэ талаар хяналтын багийн гишүүн аав “Анх спорт өдөрлөг тараад аавуудыг сургуулийн гуанзанд хоол идэхийг урьсан юм. Тэгэхэд 1 аав бидэнд ямар хоол өгөөд байна гэж асуухад хүүхдүүдэд тань өгдөг хоолыг өгч байна гэсэн. Тэгээд тэр өдөр, тэр гуанзанд хяналтын зөвлөл байгуулагдсан юм.” хэмээн ярьсан юм. Харин одоо тэд сургуулийн захиргаа, багш, сурагчид, сумын удирдлагатай хамтран дараахь үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг болжээ. Жишээ нь:

  • Хяналтын хуудсаар дамжуулан эцэг эхчүүд, багш нар, сурагчдаас үнэлгээ санал хүсэлтийг авч, төлөвлөгөө гарган ажилладаг болж,
  • Багш айлчлал аргачлалаар дамжуулан хүүхдийн ар гэртэй уулзаж, мэдээ мэдээлэл өгдөг болж,
  • Явуулын эцэг эхийн хурлыг багийн төвүүдэд хийж мэдээлэл өгөхийн сацуу хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг гаргадаг болж,
  • Эцэг эхийн оролцоотой ЭЕШнд бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг болж,
  • Сумын бусад байгууллага, ААН, Төрийн бус байгууллагатай түншлэлийн гэрээ байгуулан, салбар салбарт хамтран ажиллаж эхэлжээ. Жишээ нь, сургуулийн хүүхдүүдийг шүд, амны хөнлийн эрүүл ахуйн үзлэгт хамруулсан байна.
  • Аавуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, айл гэр, хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо ямар байдаг талаар мэдээлэл солилцох ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
  • Хамгийн гол нь иргэд нэгдэж болдог, засаг захиргаатай нэгдэн ажиллавал үр дүнд хүрдэг гэдгийг нутгийн хүмүүс ойлгож эхэлжээ. Мөн иргэд хамтдаа дуу хоолойгоо хүргэвэл төр засгийн бодлогод ч нөлөөлөх чадалтай гэдгийг ойлгуулснаараа ач холбогдолтой юм.

"Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд эдгээр сургууль нь Боловсролын Хамтын Ажиллагаа ТББ-аас хэрэгжүүлдэг Олон нийтийн оролцоот сургуулийн агуулга, аргачлалыг ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд сургуульдаа тулгамдаж буй асуудлаа "Олон нийтийн оролцоот сургууль" чанарын стандартын дагуу үнэлж илрүүлсэн юм. Энэ мэт олон сайхан ажлуудыг Өвөрхангай аймгийн 10 суманд хэрэгжүүлсний үр дүнд аймгийн ИТХ-аас “Олон нийтийн оролцоот сургууль” -2017-2020 он хөтөлбөрийг батлан, төслийн агуулга, үзэл санааг түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

Энэ бүх сайн туршлагыг танилцуулсан гарын авлага мөн хэвлэгдэн гарсан бөгөөд www.irgen-tur.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой юм байна.

 

Бэлтгэсэн Г.Төгөлдөрзаяа

"Иргэдийн оролцоо II" төслийн нэгж

2019-05-10