Орчин цагийн хүмүүс бидний амьдралын хамгийн салшгүй мөртлөө хачирхалтайгаар үл үзэгдэгч хэсэг бол ХОГ ХАЯГДАЛ юм. Хэрэглээний нийгмийн гишүүд бидний алхам тутамд, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үргэлж хамт байдаг ХОГ хаягдсан мөчөөсөө эхлээд л мартагдаж орхидог явдал түгээмэл байдаг. Тогтолцооны энэ гажуудал нь яваандаа хог хаягдлын үндсэн учир шалтгаан, ач холбогдол, шийдэх арга замын эрэмбэ дарааг бүдгэрүүлж байдаг нь харамсмаар. Тэгвэл дэлхийн улс орнууд хог хаягдлаа хэрхэн баялаг болгож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, асуудал бэрхшээлээ шийдвэрлэж чадаад байна вэ? Харин бид өнөөдрийг хүртэл төдийлөн оновчтой гарц шийдэл олж, нийтээр мөрдөж хэвшихгүй байна вэ гэдгийг хамтдаа тунгаая.
Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил, хурдацтай өрнөж буй хотжилтын нөлөөллөөр дэлхий даяар хог хаягдал ихэсч байна. Улс орнууд хөгжиж, олон төрлийн бараа, үйлчилгээ дэлгэрч, гадаад худалдаа цэцэглэхийн хамтаар улам их хог үүсч, менежмент нь ээдрээтэй болсоор байна. 2016 онд дэлхийн хотууд жилд 2 тэрбум тонн хатуу хог хаягдал бий болгосон бөгөөд энэ тоо цаашид өсөхөөр байна. Тухайлбал, 2018 онд хэвлэгдсэн What a Waste тайланд дурьдсанаар Монгол улсын хувьд нэг хүнд ноогдох хог хаягдлын хэмжээ өдөрт 1.5 кг-аас илүү байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна. Хамгийн их хог ялгаруулдаг АНУ, Канад, Бермудад тус үзүүлэлт 2.2 кг байдаг байна. Харин манай улсын нэг айл өрхөд ногдох хог хаягдал өдөрт 800-1 кг байгаа гэсэн судалгаа бий. Тэгэхээр эдгээр хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой боловч яг өнөөдрийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байгаа юм.
Улсын хэмжээнд 20 гаруй дахин боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн цар хүрээ төдийлөн өргөжин тэлэхгүй байна. Монгол Улс хэдийгээр өргөн уудам газар нутагтай боловч хүн амын тал хувь буюу 46 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод дээрх хогны асуудал гол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Гэхдээ Монгол улсын сүүлийн 10 жилийн хог хаягдлын мэдээлэл бүрэн бус учир харьцуулалт хийх нь өрөөсгөл ч 2012 оноос эхлээд 1 сая тонныг байнга давах болжээ. Энэ нь нийт газар нутгийн ердөө 0.3 хувийг эзлэх боловч хүн амын 46 хувь оршин суудаг Улаанбаатар хот 2017 онд 1 сая гаруй тонн хог ялгаруулсан нь 2005 оныхтой харьцуулахад 5 дахин өссөн дүн бий. Сая, сая тонноор ялгарах эдгээр хог хаягдлыг тэр чигт нь бид газарт булдаг. 2016 онд нийт хог хаягдлын 93.5 хувийг булж устгасан, хог хаягдлыг дахин боловсруулж буй хувь дорвитой өсөхгүй хэвээр байна.
Ийнхүү Улаанбаатарчууд хогны асуудлаа далдалдаг газар нь Улаанчулуут хэдий боловч уг газар дахь хогны өсөлт өдрөөс өдөрт нэмэгдсээр тогтоосон газартаа багтахаа болиод байгааг сануулах хэрэгтэй байх. Тэгвэл бид цаашид эдгээр хогоо яах вэ. Нэгээс нөгөө газарт зөөж хураадаг үр дүнгүй энэ аргаар хичнээн жил өнгөлөн далдалт хийх вэ. Үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг болгож яагаад чадахгүй байна вэ гэдэг дээр дор бүрнээ тунгаах хэрэгтэй болж байна.
Уг нь улс орны хөгжлийн хэтийн чиг хандлага, олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцид тусгаснаар ногоон хөгжлийн загвар хот, аймаг болох, байгаль орчинд ээлтэй хотжилт, үйлдвэржилт, ногоон эдийн засгийг дэмжих гэх мэтчилэн үргүй зардлуудаа багасгаж ухаалаг хэмнэлттэй хэрэглээг бий болгох тал дээр багагүй анхаарах болсон ч нэг л эвээ олж өгөхгүй байх шиг. Бид бодлого, сайн жишгийг ярихгүй биш ярьж байгаа. Бас нутагшуулах гэж оролдож байна. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн 12-р зорилгод тусгаснаар “улс, үндэстний түвшинд хэрэгжих тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг нутагшуулах нягт бодлого, хөтөлбөр шаардлагатай бөгөөд тус бодлого нь олон улсын аюултай хог хаягдал, химийн бодисын талаар баримтлах дүрэм журамд нийцсэн, салбар, салбарын бодлого, тогтвортой бизнес, хэрэглэгчийн зан төлвийн зохицуулалтад тусгалаа олсон байх хэрэгтэй” гэж заасан байдаг.
Үндэсний хөгжлийн газраас боловсруулсан ТХЗ-ын анхдугаар ҮСДИ-н төсөлд дурьдсанаар 12-р зорилгын хувьд хог хаягдлын асуудлыг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн, хог хаягдал цуглуулах, боловсруулах чадавхид ахиц гарах хандлагатай боловч хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийн ойлголт, мэдлэг, хандлага доогуур, хог хаягдал ихэсч буй боловч хамгийн байгальд ээлгүйгээр газарт булж устгадаг нь асуудлаа шийдэх биш асуудал үүсгэх нэг хэлбэр болж байна, Түүнчлэн хог хаягдлыг дахин боловсруулах механизм системгүй, эдийн засгийн хөшүүрэггүй, технологи, санхүүгийн хүчин чадал хязгаарлагдмал байна гэж дүгнэжээ. Авах шаардлагатай арга хэмжээнд хэрэгцээгээрээ хэрэглэх, хог хаягдал бага гаргах зэрэг хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маяг, хандлагыг бий болгоход чиглэсэн албан болон албан бус боловсролын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, компаниудын зүгээс ил тод байдлын тайлан гаргах, холбогдох стандарт, шаардлагуудыг мөрдөхийн тулд статистикийн мэдээлэл цуглуулах, хяналт шалгалтын ажлыг өргөжүүлэх зэргийг тус тус нэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, монголчууд бид өнөөг хүртэл үйлдвэрлэл, хэрэглээгээ байгаль орчинд ээлтэй эсэх, хог хаягдлын бодит нөхцөл байдал ямар байгааг үнэлэхэд ач холбогдол эс өгч, үндэсний түвшинд судалгаа, хэмжилт тун бага хийжээ. Судалгаа, мэдээлэл дутагдалтай нөхцөлд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл, хог хаягдлын талаар үндэслэл сайтай, бодитоор хэрэгжихүйц хууль тогтоомж, бодлого зохицуулалтыг боловсруулах боломжгүй юм. Олон улсын хөгжлийн байгууллагуудын туслалцаатайгаар хог хаягдлын хэмжээ, бүтцийн талаарх хэд хэдэн судалгаанууд хийгдэж, техникийн туслалцаа, арга зүй, мэдээллээр хангасан ч үндэсний түвшинд бус, голдуу Улаанбаатар хот руу чиглэсэн байв. Гэтэл хог хаягдлын нэлээдгүй хувь нь орон нутгуудад тархаж байна. Тухайлбал, шил, хуванцар пластик уут сав гэх мэт байгальд хор хөнөөлтэй, хөрсөнд удаан шингэж боловсордог ахуйн хог хаягдал орон нутагт чимээгүйхэн шингэж байх жишээний.
Мөн гадны улсуудаас орж ирж буй автомашинуудын баттерей, аккумлятор зэргийг ер нь хэрхэн устгадаг вэ гэдэг нь бүрхэг байгаа билээ. Тэгвэл бид гадны улсуудаас орж ирж байгаа насжилт өндөртэй, хямд машинд дурлахаасаа илүүтэй түүнийг агуулах хогын цэгийн нэг арга хэрэгсэл болж байгаагаа анзаарч байгаа болов уу. Мэдээж манай улсаас буцаагаад автомашинуудыг үйлдвэрлэгч улсууд руу гаргадаггүй нь энэ төрлийн хог хаягдал Монгол улсад шингэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс төрийн бодлого үүнийг анхааралдаа авах шаардлагатай.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс хог хаягдлын талаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орж, тэдгээрт нийцүүлэн дотооддоо олон хууль тогтоомж, хөтөлбөр, дүрэм журам баталж ирсэн байдаг. Монгол улсад ардчилал бэхжиж, эрх зүйн тогтолцоо хөгжихийн хэрээр иргэний оролцооны зохицуулалтуудыг хуулиудад тусгаж өгөх нь ихэсчээ. Иргэний оролцоог хууль тогтоомжид тусгаж өгөх нь аливаа асуудлын талаарх шийдвэрт нөлөөлөх боломжтой гэсэн найдварыг иргэдэд төрүүлж байдаг.
Харамсалтай нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй, 2017 оны 05-р сарын 12-ны өдөр УИХ-аас шинэчлэн найруулж батлан гаргасан Хог хаягдлын тухай Монгол улсын хуульд иргэний оролцоог хангалтгүй тусгажээ. Английн судлаач Аранштейны тодорхойлсноор Иргэний оролцооны процессийн 8 үе шат байдаг бөгөөд үүнээс хамгийн анхдагч шат буюу хийсвэр хэлбэр төдий оролцоо нь “зааж өгөх, аргалах, мэдээлэх, тайвшруулах” зэрэг алхмууд байдаг. Харин хамгийн бодитой оролцоо нь түншлэл, төлөөлүүлсэн бүрэн эрх, иргэний хяналт байдаг.
Энэ үүднээс авч үзвэл Хог хаягдлын тухай хуулийн зохицуулалтууд нь дараах байдлаараа хэлбэр төдий оролцоог хангасан байна. Тус хуулийн 10-р зүйлд иргэн, хуулийн этгээдийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хориглох үйлдлүүдийг зааж өгчээ. Ингэхдээ иргэний хувьд хог хаягдлын талаар мэдээлэл өгөх, зөрчил арилгуулах талаар төрийн байгууллагаас шаардах, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авах гэсэн хоёр эрхийг л олгож, хэлбэр төдий эрх олгосон бөгөөд хуулийн бусад зохицуулалтууд энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх механизмыг тусгаж өгөөгүй нь тунхагийн шинжтэй болгожээ.
Үүргийн хувьд нийт 18 үүргийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад (ААНБ) хамааруулсан байна. Гэтэл заавал хэрэгжих ёстой хуулийн энэхүү 18 үүргээс бодит байдал дээр дараах үүргүүд бүрэн бус хэрэгжиж байна. Бусад үүргүүд нь мөн хэрэгжихгүй байна.
Нэгэнт хуулиар иргэн, хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан үүрэг биелэхгүй байх нь хууль нэг мөр хэрэгжих нөхцлийг үгүй болгож, хэрэгжилтэд хяналт тавих замаар иргэд оролцох бололцоог хаадаг. Энэ нь хуулийн заалт хэллэг тодорхойгүй, хэт ерөнхий, ойлгомжгүй, хэрхэн хэрэгжүүлэх механизмыг тусгаагүйтэй холбоотой.
Хог хаягдал нь хүн бүр, байгууллага бүрээс байнга гарч байдаг учраас ХОГ ХАЯГДЛЫН ХУУЛЬ зөрчиж буй үйлдэл бүрийг төрийн байгууллага албан тушаалтан бүртгэх шаардлага тавих, шийтгэх боломжгүй. Тиймээс энд иргэний болон иргэний нийгмийн байгууллагын хяналт маш чухал. Гэтэл хуульд хог хаягдлын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах төрийн бус, иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагын үйл ажиллагаа оролцооны талаар огт тусгаагүй байгаа нь иргэний бодит оролцоог хангаж өгөөгүй хууль гэж үзэхээр байна.
Хогоо хаягдлаа дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж
Энэ бүхнээс үзэхэд бид хэрэглээндээ анхаарч хог хаягдлын дахин боловсруулалтыг төрийн бодлогоор дэмжиж өгөхгүй бол энэ төрлийн бизнес, үйл ажиллагаа төдийлөн ахицтай явагдахгүй байна.
Мэдээж хог хаягдлын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Дор хаяж иргэдийн хандлага, зан үйлийг өөрчлөх шаардлага байна. Тэгэхээр аливаа хүний мэдлэг, зан үйлийн хандлага 2-3 жилийн дараа үр дүнгээ өгдөг гэсэн судалгаа байдаг. Гол нь урт хугацаа зарцуулахаас үл хамаарч энэ ажлыг системтэйгээр хийх хэрэгтэй. Тухайлбал, Герман улс 50 жил ангилан ялгах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байж өнөөдөр л хогоо 100 хувь ангилдаг боллоо. Бусад улсын туршлагаас харахад ихэнх нь хогоо ангилан ялгадаг болохын тулд урт хугацааг зарцуулсан байдаг. Зарим аймаг, нийслэл дүүргүүдэд хогын асуудлаа шийдвэрлэх гээд дор бүрнээ анхаарах болсон. Тухайлбал, Ховд аймагт л гэхэд хог хаягдлын менежментээ баталж, хогоо булшлах байдлаар ажиллаж байна. Гэхдээ булшлах нь үр дүнгүй арга гэдгийг дээр дурдсан. Бас нэг сайн жишиг Ховд аймагт байгаа нь үйлдвэрлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж өгөх тал дээр санаачилга гаргаж эхлээд байна. Учир нь үйлдвэрлэгчид буюу архи пивоны үйлдвэрүүд шилээ буцаан үйлдвэр лүүгээ татах механизмийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургуулийн сурагчид хог ангилан ялгах хогын сав бүхий байгууламжтай болж байгаа гэх мэт ганц нэг сайн жишиг хэрэгжүүлэхээр мэрийж байгаа нь сайшаалтай.
Харин Нийслэлд энэ 2019 онд бүх дүүрэг, орон нутгуудад ангилан ялгах ажлыг өрнүүлж эхэлж байгаа аж. Ингээд ирэх он гэхэд нийслэлчүүд хог хаягдлынхаа 30 хувийг ангилж ялгадаг болох зорилт тавьсан байна.
Яагаад заавал хог хаягдлыг ангилах ёстой юм бэ гэж олон хүн гайхах байх. Энгийнээр тайлбарлавал бид хаягдалгүй эдийн засаг руу шилжиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүний гаргасан бүх хог хаягдал булагддаг биш ашигладаг байх ёстой. Тухайлбал, цаасыг дахин ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Мөн хуванцарыг дахин ашиглан хувцас, оёдлын утас зэргийг гаргаж байна. Жишээлбэл, Япон улс сурагчдынхаа бүх дүрэмт хувцасыг хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж хийдэг. Дэлхийн бусад улс хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэтэл манайх 20 гаруйхан хувийг дахин боловсруулж байна.
Уг нь манай улс 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэж байгаа. Эндээс харахад бид ямар их баялгаа булж устгаж байгаа нь харагдах байх. Ангилж ялгаж байгаа хогнуудыг харахад хамгийн их хэрэгцээ, эргэлтэнд оруулж байгаа нь картон цаасны үйлдвэр. Ийм хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь өдөрт 20 тн хог дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэхдээ нэг кг цаасыг 70 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Мөн хуванцрын 3 үйлдвэр байдаг. Хуванцрыг боловсруулж дээр дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна сангийн хоолой, цахилгааны утас зэрэг олон зүйл хийж болно. Гэвч тухайн үйлдвэрүүдэд тулгамддаг гол асуудал нь түүхий эд нь хангалтгүй байна. Харин шил боловсруулах үйлдвэр байдаггүй. Уг нь шилийг дахин боловсруулж барилгын хавтан зэрэг олон зүйлийг хийх боломжтой аж.
Эцэст нь хэлэхэд бид хогоо ангилан ялгаж хэвшээд үйлдвэрлэл, хэрэглээндээ анхаарч хог хаягдал бага гаргаад, нэгэнт үүссэн хог хаягдлаа буцаагаад баялаг болгож эдийн засгийн эргэлтэнд оруулдаг тийм арга хэлбэр рүү нэн даруй шилжих нь тогтвортой хөгжлийн нэг үндэс болох юм. Мэдээж улс эх орон байгаль эх дэлхийдээ хувь нэмэр оруулж, илүү олон жил тогтвортой аж амьдрах үндэс суурь энэ мэт энгийн үйлдлээс эхлэх учиртайг нийтлэлийнхээ төгсгөлд дахин сануулах байна. Ногоон эх дэлхийн төлөө хүн бүрийн оролцоо нэгдэнэ гэдэгт итгэж байна.
“Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2019” хөтөлбөрийн
оролцогчдын хамтын бүтээл:
Ж.Саруул, Т.Цэнгүүн, Ү.Амарбат, Н.Чойжинлхам, Т.Энхнаранжав, Б.Мөнхбайгаль
2019-05-29